УИХ-ын гишүүн С.Одонтуяа
2013.06.04

Хүүхдүүдэд хоосон лоозон биш бодит туслалцаа хэрэгтэй

Жилдээ ганц тэмдэглэдэг хүүхдийн баярыг бүх нийтийн баяр болгон олон улсын хэмжээнд хүүхэд багачуудынхаа эрхийг хамгаалдаг болохоо харуулахаар Монгол Улс хүүхдийн эрхийг хамгаалах өдөр болгосон. МҮОНТВ-ийн “Хүүхэд хаана байна” нэвтрүүлгээр төрийнхөө ивээлд байдаг хүүхдүүд хаана байна. Хайр халамж нь эзнээ олж байна уу, энхрий үрс тань эрхээ эдэлж чадаж байна уу гэдгийг нэвтрүүлгийн энэ дугаарын оролцогчдод тавьсан байна.

-Энэ өдөр хүүхэд хаана, ямар байна гэж төр үзэж байна вэ. Хүүхдийн эрх яаж хамгаалагдаж байна вэ?

Хүүхэд хаана байгааг хамгийн сайн мэдэж байх субъект бол төр. Яагаад гэвэл хүүхдийн эрхийн тухай хуулинд төр хүүхдийг хамгаалалтандаа авна гэсэн заалт бий.

Гэтэл өнөөдөр төр хүүхдүүдээ хаана яаж амьдарч байгаа, эрх нь хэрхэн зөрчигдөж, зөрчигдсөн эрхийг нь яаж хамгаалах гэдэг дээр үнэхээр хангалтгүй ажиллаж байна.

-Хүүхдийн эрхийг хамгаалах хууль тогтоомжууд хангалттай олон байдаг. Гэтэл бодит амьдрал дээр хүүхдийн эрх зөрчсөн асуудлууд ар араасаа гарч байна. Үүнд төр хэр эмзэглэж байна. Өнөөдөр хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр ямар дүнтэй хамгаалж байна вэ?

Хүүхэд хаана байгааг хамгийн сайн мэдэж байх субъект бол төр.

Би үүнд хангалтгүй гэдэг дүн тавина. Манай нийгэм өнөөдөр үнэт зүйлээсээ гажаад явчихсан. Төр өөрөө улсынхаа үнэт зүйл рүү гол анхаарлаа чиглүүлж, гол хөрөнгө оруулалтаа хийгээгүйгээс өнөөдрийн хүндрэлүүд үүсч байна.

Өөрөөр хэлбэл монголын хамгийн үнэт зүйл бол хүн. Энэ зүйлдээ хангалттай хөрөнгө мөнгө зараагүй. Маш олон хууль байгаа ч хэрэгжих механизмууд нь тодорхой биш. Хэрэгжүүлэхийг тэр болгон хүсдэггүй, хянадаггүй. Хууль хэрэгжихэд шаардлагатай төсвүүдийг нь баталж өгдөггүйгээс хууль цаасан дээр байгаа.

-Хүүхэд бол арав хорин жилийн дараа манай нийгэмд нийлүүлэгдэх хамгийн том бүтээгдэхүүн, үнэт зүйл. Яагаад монголын ирээдүй гэж тодорхойлсон мөртлөө ирээдүйг хамгаалахгүй байна вэ?

Бид хүндээ зарж байна гээд боловсролын системд маш их мөнгө зардаг. Гэтэл тэр төсөв цэцэрлэг сургуулийн байшин барих, урсгал зардал, багш нарын цалин хөлс гэхээс яг хүүхдээ хүмүүжүүлэх, төлөвшүүлэх, өөрөө өөрийгөө эрүүл хариуцлагатай иргэн болгон авч явах зүйлд ямар ч хөрөнгө оруулдаггүй.

-Хүүхдийн эрхийг хамгаалах энэ өдөр төр юу хийх ёстой вэ?

Хүн зөв байхад хоёр гол хүчин зүйл бий. Нэг нь хүүхдийн өсч буй орчин, хоёрдахь нь тухайн хүнээс өөрөөс нь шалтгаална. Бид хоёуланд нь зэрэг хөрөнгө оруулалт хийж, төсөв мөнгөө баталж энэ дээр л хамгаалахгүй бол сүүлд гарах үр дагавар нь хэд дахин их хохирлыг дагуулдаг.

Хууль хэрэгжихэд шаардлагатай төсвүүдийг нь баталж өгдөггүйгээс хууль цаасан дээр байгаа.

Бид гадаадаас бүх зүйлийг авч болж байгаач  яг монгол улсын бүтээн байгуулалтыг гардаж хийх, эх орноо хөгжүүлэх, монгол гэр бүлийг цогцлоох иргэд нь байхгүй байна.

-Манай хүн амын 50 хувийг хариуцдаг хүүхдийн байгууллагуудын ажил үйлчилгээ, эрх мэдлийг нь өөрчлөх ёстой юу. Хүүхдийн байгууллага хүүхдийн асуудлыг бүрэн шийддэг байх хэмжээнд монголын нийгэм хүрч болох болов уу?

Аливаа байгууллага үйлчлэх ёстой үйлчилгээгээ үзүүлэхийн тулд нэгдүгээрт маш их сэтгэл байх ёстой. Хоёрт түүнийг хэрэгжүүлэх механизм, хүн хүч, төсөв хөрөнгө нь байх ёстой. Манайхан төсөв хөрөнгөн дээрээ л гацдаг. Энэ бүх зүйлийг цогцоор нь шийдэх шаардлагатай.

-Үндсэн хуулиар заасан эрх дархаа хүүхдүүд бүрэн эдэлж чадахгүй байгаа учраас төр зайлшгүй өөр ажил хийх ёстой. Тэгэхгүй бол олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр манайд эсрэгээрээ болж ойлгогдох гээд байна уу?

Үүнийг хариуцаж ажиллаж буй байгууллагууд нь сэтгэлтэй, үүнийг нь төрөөс онцгойлон анхаарч төсөв мөнгөөр нь дутаахгүй, бодитоор харж үзэх хэрэгтэй. Цаасан дээр төр хамгаална гэж хичнээн бичээд хамгаалж чадахгүй. Хоосон лоозогнох биш бодит туслалцаа үзүүлэх хэрэгтэй.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.