“Бид оролцъё, хөгжье” хүүхдийн чуулган боллоо
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхдийн төлөө үндэсний газраас “Бид оролцъё, хөгжье” Хүүхдийн үндэсний чуулган, “Хүүхдийн эрх, хамгаалалд үүрэг хүлээгчдийн хариуцлага” улсын зөвлөгөөнийг зохион байгуулж байна.
Хүүхдийн үндэсний чуулганд 21 аймаг, нийслэлийн 580 гаруй төлөөлөгч оролцсоны 84 хувь нь хүүхдүүд байна. Насанд хүрэгчдийн төлөөлөгчдийн бүрэлдхүүнд Аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын
газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга, мэргэжилтэн, Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар, хэлтсийн удирдлага, мэргэжилтнүүд, ОУБ, ТББ-ынхан орж, цаашдын хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар санал солилцож байна.
Хүүхдүүд “Миний хөгжлийн орчин”, “Миний мөрөөдлийн хөтөлбөр”, “Миний хөгжлийг дэмжигч, зөвлөгч”, “Миний аюулгүй орчин” 4 салбар хуралдаан, 16 дэд хэсэгт хуваагдан чиглэл бүрээр хэлэлцүүлэг зохион байгуулж, үр дүнгээ төсөл, жүжигчилсэн тоглолт, кино бичлэг, зурган дүрслэлийн аргаар танилцууллаа.
Монгол улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн Н.Алтанхуяг чуулганы төлөөлөгч хүүхдүүдэд хандан мэндчилгээ дэвшүүллээ.
“...Хүүхдүүд та нартай уулзахад “Хүүхэд насанд хүргэж өгдөг галт тэрэг” байвал заавал сууна даа гэсэн үг санаанд орж байна. Сургуульд байхдаа хичээл, сургуулиас гадуур олон төрлийн үйл ажиллагаанд оролцдог байсан. Шинэчлэлийн Засгийн газраас хүүхдийн авьяас билгийг нээж илрүүлэх хөтөлбөрт дэмжлэг үзүүлсэнээр энэ жил 300,000 гаруй мянган хүүхэд хамрагдсан байна.
Маргааш хүүхдийн төлөө үүрэг хүлээдэг 800 гаруй хүмүүс Төрийн ордонд цуглаж үүрэг хариуцлагаа хэрхэн сайжруулах талаар хэлэлцэнэ. ...Улс орны хөгжил та нараас эхлэнэ. Хүүхэд, залуучууд өөрөө өөрийгөө боловсруулж, өөрөө өөртөө шаардлага тавьж чадсан цагт хөгжинө. Засгийн газраас улс орныхоо хөгжилд иргэдийн, хүүхдийн оролцоог бий болгоё гэсэн зарчмыг мөрдөж, хэлэлцүүлэг, чуулган, зөвлөгөөн зохион байгуулж байгааг дурьдаад өөдрөг байж, хөгжлийн төлөө хамтдаа байхыг уриалан...” Чуулганы үйл ажиллагаанд амжилт хүслээ.
Чуулганы төлөөлөгчид Монголын Хүүхдийн ордоны авьяаслаг хүүхдүүдийн тоглолтыг үзэж, паркад зочлон Олон улсын хүүхдийн Найрамдал төв галын наадамд оролцлоо.