О.Баасанхүү: Төрийн наадмын ёслолд анх удаа оролцох гэж байгаа учраас сэтгэл хөдөлж байна
Монгол Улсын Их Хурлын Гишүүн О.Баасанхүү
2013.06.27

О.Баасанхүү: Төрийн наадмын ёслолд анх удаа оролцох гэж байгаа учраас сэтгэл хөдөлж байна

УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй наадмын тухай ярилцлаа.

-Та наадмыг яаж тэмдэглэдэг вэ. Энэ жилийн наадмаар яаж баярлах вэ. УИХ-ын гишүүний хувиар тэмдэглэж байгаа анхны наадам учраас онцлог байх болов уу?

-Энэ жил анх удаа төрийн наадамд оролцох гэж байна. Өмнөх жилүүдийн наадмыг жирийн нэг иргэний хувиар тэмдэглэн өнгөрүүлдэг байлаа. Бусадтай л адилхан тэмдэглэдэг байсан. Гадаадаас ирсэн зочдыг дагуулан цэнгэлдэх хүрээлэнгээр явж, наадам үзүүлэх жишээтэй. Манай гэр бүлийнхэн наадмын өдрөөр хуушуур хийдэг. Аав, ээж хоёр 61-ийн гарамд хэдэн малтай байдаг л даа. Тэнд бүгдээрээ майхнаа бариад эхний өдөр хуушуураа идээд, дараагийн өдөр шинэ хонины шөл уугаад наадмыг өнгөрүүлдэг байсан. Морь уяж, бөх барилддаггүй болохоор наадмаар эрүүл агаарт л унтаж амардаг байлаа.

-Энэ жилийн тухайд наадмын, нээлтийн ёслолд оролцоно биз дээ?

-Тийм. Төрийн есөн хөлт цагаан тугаа залсан цэнгэлдэх хүрээлэндээ очиж наадмын нээлтийн ёололд оролцоно, ёслолын албанаас бидэнд наадмын ёслолд яаж оролцох, хэрхэх талаар тодорхой зааж өгөх байх. Миний хувьд анх удаа төрийн наадмын ёслолд оролцож байгаа учраас яадгийг нь сайн мэдэхгүй байна. Гэхдээ маш их сэтгэл хөдөлж байгаа.

Миний хувьд УИХ-ын гишүүний хувиар тэмдэглэж байгаа анхны наадам

Өнгөрсөн наадмын үеэр би гишүүн болж чадаагүй байлаа. Түр үнэмлэхээ аваагүй байсан учраас наадмын нээлтийн ёслолын урилга өгөөгүй. Наадам гэдэг бол зөвхөн Монголд байдаг үндэсний баяр шүү дээ. Энэ утгаараа гайхамшигтай өргөн цар хүрээтэй тэмдэглэгддэг л дээ. Гадаадын бусад улс оронд үндэсний янз бүрийн баяр байдаг. Гэхдээ манайх шиг ийм өргөн цар хүрээтэй баяр тэмдэглэдэг нь ховор шүү дээ.

-Наадмаар ямар дээлээр гоёх гэж байна вэ?

-Өчигдөр аав, ээж хоёр дээр очсон чинь надад ээж дээл оёод тавьчихсан байна лээ. Тэгэхээр энэ жил ээжийнхээ хийсэн дээлээр гангарна даа.

-Наадмаар бөхийн гал, морины уяан дээр очдог уу?

-Манайхыг 52-ын даваанд байдаг байхад Сүүж уулын амралтад бөхийн галууд гардаг байлаа. Тэр үед үзэгч маягаар очдог байсан. Харин одоо бол наадмаас өмнө бөхчүүдийн галаар очиж, уулздаг юм бил үү гэж бодож байгаа. Манай намын дэд дарга Д.Тэрбишдагва наадмын комиссын дарга учраас бөхчүүд, уяачдын галаар явах байх. Тэгэхэд нь дагаад явъя гэж бодож байна.

-Хурдан морь үздэг үү?

УИХ-ын гишүүн, Сангийн Яамны Сайд

-Морь эргээд барианд орох мөч бол үнэхээр хүнийг огшоодог шүү дээ. Түрүүлээд ирж байгаа морийг хараад монгол хүн бүрийн хамрын самсай шархирдаг байх. Минийх ч мөн адил. Үнэхээр хурдан морь хараад бахархах сэтгэл төрдөг.

Үнэнийг хэлэхэд би морь уядаггүй. Тиймээс хэн гэдэг уяачийн ямар алдартай хурдан хүлэг наадамд шандсаа сорьж байгааг мэдэхгүй. Харин манай УИХ-ын энэ анги уяач олонтой шүү дээ. Ч.Улаан сайд, Б.Наранхүү гишүүн байна. Тэдний хажууд би морь мэдэхгүй. Гэхдээ хурдан морины уралдаан үзэх дуртай.

-Та аль нутгийн хүн бил ээ?

-Аавынхаа нутгаар яривал Дундговь, ээжийн нутгаар бол Архангайнх. Аль аль нь цагаан идээтэй нутаг. Өөрийнхөө хэмжээнд айраг уучихдаг. Хул хулаар нь айраг уудаг хүмүүсийн хажууд юу ч биш л дээ.

-Сур, шагайн харваанд хэр сонирхолтой вэ?

-Шагайн харвааг сайн мэдэхгүй. Үнэнийг хэлэхэд шагайн харвааг үзээд ч ойлгохгүй байх. Ер нь бол шагайн харваа гайхалтай спорт. Гэхдээ учрыг нь ойлгохгүй байж мэддэг царай гаргаад үзэх нь зохимжгүй санагддаг. Харин сурын харвааны хувьд нэгч удаа болов нум агшааж харваж үзэх юмсан гэж мөрөөддөг. Тийм хувь тохиол энэ наадмаар таарах нь уу, үгүй юу.

-Наадмыг гэр бүлийнхэнтэйгээ хамт үзнэ биз дээ?

-Тийм. Манай охин одоо найман сартай. Гэр бүлийнхнийгээ дагуулаад баяр наадмаа үзнэ ээ.