Хүндэтгэл
УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Улаан
2013.06.19

Хүндэтгэл

УИХ ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Улаан:

Д.Содном сайддаа  урт насалж удаан жаргахын ерөөлийг чин сэтгэлээсээ дэвшүүлж байна.

Монгол Улсын Төр Нийгмийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын гавъяат эдийн засагч, Сангийн яамны 16 дахь сайд, сайд нарын зөвлөлийн дарга асан Думаагийн Содномын мэндэлсний 80 насны ойг тохиолдуулан хийх хүндэтгэлийн арга хэмжээ 2013 оны 6 дугаар сарын 21 ний өдөр болно.

Монгол улсын мэргэжлийн ахмад санхүүчдийн нэг, улс төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Монгол улсын Сангийн яамны 16 дахь сайдаар ажиллаж байсан Думаагийн Содном гуайн мэндэлсэний 80 насны ой тохиож байгаад нь улс орныхоо эдийн засаг санхүүгийн тогтолцоог бэхжүүлэн хөгжүүлэхэд хамтран ажиллаж түүхэн цаг үеийг туулцгаасан болон түүнийг үргэлжлүүлэн ажиллаж байгаа мэргэжил нэгт нөхөд бид нэн хүндэтгэлтэй байгаагаа илэрхийлж, чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж байгаагаагаа илэрхийлэхэд  нэн таатай байна.

Д.Содном сайд маань эх орныхоо уудам дэлгэр говь тал нутагт төрж өсөн, улс орон, ард түмнийхээ хайр ивээлээр сургууль эрдмийн мөр хөөж бага, дунд сургууль болон техникум, гадаадын дээд сургуульд шат дараалан амжилттай суралцан боловсрол олсон манай улсын санхүү, эдийн засгийн үндэсний нэртэй мэргэжилтнүүдийн нэг мөн.

Д.Содном гуай залуу зандан үеэсээ Монгол улсынхаа санхүү, эдийн засгийн албанд анх санхүүгийн байцаагч, нягтлан бодогч гэдэг нарийн мэргэжил шаардсан, маш няхуур нямбайг шаарддаг албанд жирийн ажилтнаас ажлын гараагаа эхэлж, яамны хэлтсийн даргаар өндөр идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажилласан байна.

Түүний ажлын үр дүнг тухайн үеийн нам, төр үнэлж, ирээдүйг нь гярхай харсанаар 30 хан насанд нь улс орны нийгэм, эдийн засгийн хөгжил, ард түмний аж амьдралд шийдвэрлэх үүрэг бүхий төсөв-санхүүгийн бодлогыг тодорхойлж хэрэгжүүлэх гол үүрэгтэй Сангийн яамны сайдын нэн хариуцлагатай албан тушаалд тохоон томилж, манай улсын түүхэн зурвас үе болох 1963-1969 онуудад ажиллуулсан байдаг юм.

Тухайн үеийн нам, төрөөс даалгасан энэ өндөр хариуцлагатай албыг тэрээр нэр төртэй биелүүлж, үр бүтээлтэй хөдөлмөрлөсний тод илэрхийлэл бол түүнийг Улсын төлөвлөгөөний комиссын нэгдүгээр орлогч дарга бөгөөд төрийн сайд, Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга бөгөөд Улсын төлөвлөгөөний комиссын дарга, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга хүртэлх төрийн өндөр албан тушаалд шат дараалан дэвшүүлэн ажиллуулж өндөр итгэл, хариуцлага ногдуулж ирсэн бөгөөд, тэрээр улс орныхоо эдийн засаг, нийгмийг хөгжүүлэхэд бүхий л мэдлэг, чадвар, туршлагаа зориулж ирсэн нэрт эдийн засагч, төрийн зүтгэлтэн, үндэсний удирдагчийн нэг билээ.  

Тэрээр Сангийн яаманд байцаагч, нягтлан бодогчоор ажиллахдаа санхүүгийн хяналт шалгалт, нягтлан бодох бүртгэлийн тогтолцоог боловсронгуй болгох талаар өгсөн үүрэг даалгаврыг ажил хэрэг болгоход хүчин чармайлт гаргасны зэрэгцээ валютын хэлтсийн дарга, сайдаар дэвшин ажиллах хугацаандаа Монголын улсын үндэсний мөнгөн тэмдэгт, төгрөгийн гадаад валюттай харьцуулсан бодит ханш тогтоож төлбөр тооцоонд хэрэглэх, мөнгөний ханшийн тогтвортой байдлыг хангах, улсын төлбөрийн балансын тогтолцоог шинээр бүрдүүлж хөтлөх, гадаад төлбөр тооцоонд санхүүгийн боловсронгуй хэрэгслүүдийг нэвтрүүлэх, улсын төсөв, татвар, даатгал, улс ардын аж ахуйн бүртгэлийг шинэчилсэн тогтолцоонд шилжүүлэх, ард түмний аж байдлыг дээшлүүлэхэд санхүүгийн хуваарилалтын механизмуудыг зөв ашиглах, түүнийг улс ардын аж ахуйн төлөвлөгөөтэй уялдуулан хэрэгжүүлэх зэрэгт ажил амьдралынхаа дээрх зурвас үеийг зориулж жинтэй хувь нэмэр оруулж итгэлийг зүтгэлээрээ хариулж ирсэн байдаг юм.

Д.Содном гуай Сангийн сайдаар ажиллах хугацаандаа Монгол улсын төсөв, санхүүгийн харилцааг хөдөлмөр цалин хөлс, нийгмийн даатгал, нийгмийн хангамж, гадаад, дотоод худалдаа, зээл тусламж, татвар, даатгал, гаалийн бодлого зэргийг улс ардын аж ахуйн салбаруудын өсөлт, төрөлжилт, тэдгээрийн жил, таван жилийн төлөвлөгөөт зорилттой уялдуулан төлөвлөх, хэрэгжүүлэх, төсөв, санхүүгийн хуваариалалтын талаарх төрийн бодлогыг эдийн засгийн өсөлт, хөгжлийн цар хэмжээтэй уялдуулж иргэд, хөдөлмөрчдийн мөнгөн орлогыг нэмэгдүүлэх, аж байдлыг дэмжихэд чиглүүлж ирсэн бөгөөд энэ тухай Сангийн яамнаас явуулж байсан арга хэмжээний олон олон түүхэн тоо баримт, түүнийг төрөөс хуульчлан баталгаажуулж хэрэгжүүлж ирсэн тухай Сангийн яамны сайдаас Ардын Их Хурлын Чуулганд 1963-1968 онуудад жил дараалан тавьсан илтгэл, Улсын төсвийн гүйцэтгэл, төлөвлөгөөт зорилтуудын талаарх илтгэлүүд, МАХН-ын Төв Хороо, Засгийн газарт хэлэлцүүлэн шийдвэрлүүлж байсан өргөн цараатай асуудал, арга хэмжээнүүдийн албан ёсны түүхэн баримт бичгүүдэд гүн тусгалаа олсон байдаг билээ.

Монгол улсын санхүүг, төсвийн харилцааг төгөлдөржүүлэхэд Содном сайдын маань удирдан хэрэгжүүлэлцсэн, хожим улсын төлөвлөгөөний комиссын удирдлагаар ажиллаж байхдаа ч байнга дэмжиж амжилтад хүргэсэн  нэг томоохон ажил бол 1960-аад оны сүүлчээс эхлэн улс ардын аж ахуйн удирдлага, төлөвлөлтийн системийг боловсронгуй болгож өөрчлөн сайжруулах чиглэлээр өрнөж 80-аад оны дунд үе гэхэд  бодит ажил болж үр дүнгээ өгч байсан нөр их ажлын гараа байлаа.

Улс орон даяар өрнүүлж шат дараатай хэрэгжүүлсэн энэхүү өргөн цар хүрээтэй шинэ тогтолцоог манай эдийн засгийн түүхэнд “төлөвлөлт, эдийн засгийн урамшууллын шинэ систем” гэсэн томъёоллоор тэмдэглэглэн үлдсэн байдаг юм.

Энэхүү эдийн засгийн удирдлагын шинэ тогтолцоо нь бүхэлдээ үйлдвэр, байгууллагын хамт олныг цэвэр бүтээгдэхүүнээр буюу эцсийн үрд үнгээр үнэлж дүгнэх, нэмүү өртөгт суурилсан үзүүлэлт голлосон удирдагын аргад шилжихэд чиглэж байсан бөгөөд энэ агуулгаараа тухайн хөдөлмөрийн хамт олны бүтээлч сонирхлыг өрнүүлсэн, хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэхэд гол хөшүүрэг болж байсан цогц систэм болж байсан бөгөөд үүний ач холбогдол нь зах зээлийн өнөөгийн ажил амьдралд  ч чухал хэвээр байгааг тэмдэглэх хэрэгтэй.  

Тэрээр Сангийн сайдаар ажилласны дараах он жилүүдэд төсөв-санхүүгийн харилцаанаас ч илүү өргөн цар хүрээтэй улс ардын аж ахуйн хөгжлийн жил, таван жилийн төлөвлөгөө боловсруулах, хөгжлийн хэтийн төлөвийг тодорхойлон хэрэгжүүлэхэд чигдэсэн улам өндөр хариуцлагатай системийг хариуцан удирдахдаа ч, түүнчлэн Засгийн газрын тэргүүнээр ажиллах хугацаандаа ч улс ардын аж ахуйн төлөвлөгөөт балансын үндсэн дээр хөрөнгө оруулалтын бодлогыг явуулах,  эдийн засгийн төрөлжилтийг ээлж дараатай хангах, улс орны нийгэм, эдийн засгийн хөгжлийн богино, дунд, урт хугацааны хөгжлийн хүрэх түвшинг тодорхойлох, аймаг, орон нутгийн хөгжлийг ахиулах, түүний дотор төвөөс алслагдсан хэсэгт оршин суугчдын аж байдлыг төвийн болон аймгийн төвүүдийн түвшинд ойртуулж өөр хооронд нь жигдрүүлэх, ингэхдээ ялангуяа түлш эрчим хүчний аж үйлдвэрийг түрүүлэн хөгжүүлэх, олборлох, боловсруулах салбарыг эс дараатай хөгжүүлэх, хамтын үйлдвэрүүдээс Монгол улсад ногдох ашигт ажиллагааг нэмэгдүүүлэх, эдийн засгийн гадаад харилцаа, хамтын ажиллагааны үр ашигтай гарц, механизмуудыг аль болох чадамгай ашиглах, хүн амын орон сууц, хүнс, өргөн хэрэглээний барааны хангамжийг дээшлүүлэхэд улс орныхоо дотоод нөөц бололцоо, олон түмний хөдөлмөрийн идэвх санаачилгыг өрнүүлэх, олон улсын хамтын ажиллагааг идэвхжүүлэх зэрэгт онцгой анхаарсан байдаг юм.

Түүний Төлөвлөгөөний төв байгууллага болон Засгийн газрыг толгойлж байсан он жилүүдэд улс орны эдийн засаг, нийгмийн байдалд мэдэгдэхүйц ахиц өөрчлөлт гарсан байдаг билээ. Үүнээс зөвхөн нэгээхэн хэсгийг жишээ болгон дурдахад: 1975-1989 онд эрчим хүчний суурилуулсан хүч чадал 890 мегаватт болж 3.3 дахин нэмэгдэж, уулын баяжуулах хамтарсан хэд хэдэн үйлдвэр байгуулагдан экспортын эх үүсвэр мэдэгдэхүйц нэмэгдсэн, хотуудыг сүүгээр хангах механикжсан фермүүд олноор байгуулагдаж сүү нийлүүлэлт жилдээ 42 сая литрт хүрч 4.2 дахин өссөн; дотоодын хүнсний үйлдвэрлэлийн нэр төрөл олширч үйлдвэрлэлийн хүч чадал даруй 2 дахин, орон сууцны ашигтай талбай 4.4 сая метр квадрат болж 2.3 дахин тус тус нэмэгдсэн, сургуулийн хичээлийн болон дотуур байрны суудлын тоо, хүн амын өрхийн мөнгөн орлогын хэмжээ ихээхэн  өссөн зэрэг эдийн засаг, нийгэм, соёлын бүхий л үзүүлэлт жигд дээшилсэнийг  статистики үзүүлэлт, тоо баримт харуулдаг юм.

Д.Содном гуай улс орондоо бүтээлчээр хөдөлмөрлөж өндөр насны тэтгэвэрт байгаа ч гэсэн зах зээлийн нөхцөлд хувийн салбарыг хөгжүүлэхэд өөрийн туршлага, мэдлэгээ дайчилж уул уурхайн салбарт үр бүтээлтэй хөдөлмөрлөж, улс орныхоо ирээдүйн хөгжлийн төлөө санаа тавьж өнөөгийн улс төр, нийгмийн харилцаанд авууштай зөв алхамуудыг дэмжиж, алдаж байгаа зүйлийг залруулах, гарч байгаа бэрхшээлийг даван туулах арга замын талаар бодлого, стратегийн шинжтэй өөрийн  үнэтэй зөвлөмж үгээ хэлж, тодорхой санал давшүүлж байдагт нь санхүүч бид нэн олзуурхаж байдаг юм.

Д.Содном гуайн өргөн мэдлэг, алсын хараатай сэтгэн бодох чадвар, холч ухаан, ажил амьдралын арвин баялаг туршлага, ажил хэрэгч шинж, хүнлэг энэрэнгүй, эгэл даруу чанар нь залуу хойч үед ямагт үлгэр дууриал болж, түүнийгээ үе үеийн хамтран ажиллаж байсан олон зуун хүмүүст өвлүүлэн байгаагийн нэг илэрхийлэл бол  төрийн эрх барих дээд болон төрийн захиргааны байгууллага, улсын хариуцлагатай албадад тэдгээрээс нь олон олон боловсон хүчин үе дамжин ажиллаж, тэдгээрээс нь мөн олон хүний хөдөлмөрийг төрөөс үнэлж алдар цол хүртээсэн бөгөөд үр бүтээлтэй хөдөлмөрлөцгөөж байгаа явдал мөн.

Д.Содном гуайн мэргэжлийн болон удирдах боловсон хүчнийг шилж сонгох, дэмжиж ажил дээр нь өсгөх, өөрийн сайн замналаар дагуулах хандлага нь хүний сайн мөс чанарынх нь нэгээхэн илэрхийлэл бөгөөд эх орондоо бүтээж өгч байгаа түүний ширгэшгүй өв ундарга гэж хэлж болохсон билээ.

Эх орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө ахмад үеийнхээ хөдөлмөр, зүтгэлээр бүтээсэн болон бүтээлцэж байгаа алдар гавъяаг хүндэлж тэгш ойн баярыг хамтдаа тэмдэглэн хуваалцах нь Та бидний хүнлэг ёс, ариун үйл хэрэг мөн. 

Д.Содном сайдынхаа мэндэлсэний 80 насны тэмдэглэлт ойн өдрийг тохиолдуулан өөрт нь болон түүнтэй ажил үйлсээрээ хамтран зүтгэж явсан болон ажиллаж байгаа үе үеийнхэнд нь, мөн Содном гуайн үр хүүхдүүд, төрөл төрөгсдөд нь Монгол улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон Сангийн яамны нийт хамт олныг төлөөлж, мөн хувиасаа чин сэтгэлийн талархал дэвшүүлж, энэхүү гүн хүндэтгэл илэрхийлж байнгааг хүлээн авна уу.

Содном сайддаа эх орныхоо язгуур эрх ашгийн төлөө зөвлөмж сургамж, хөдөлмөр зүтгэлээ үргэлжлүүлэн улам ихийг бүтээн туурвиж, урт насалж, удаан жаргахын ерөөлийг чин сэтгэлээс дэвшүүлж байна.

Монгол улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч. УЛААН