Хүй долоон худгийн тохижилтийн ажлыг ирэх сарын 5-нд хүлээж авна
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны гишүүдийг Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнөөдөр хүлээн авч уулзан, баяр наадмын бэлтгэл ажлын явц хэр байгааг тодрууллаа.
Төв цэнгэлдэх хүрээлэнгийн засварын ажил үндсэндээ дууссан, өчигдөр газар дээр нь очиж шалгасан гэдгээ Зохион байгуулах хорооны дарга, Шадар сайд Д.Тэрбишдагва хэллээ.
Төв цэнгэлдэх хүрээлэн 12500 суудалтай, үүн дээр зөөврийн 2000 суудал нэмж тавина. Энэ орчимд автомашины 3000 зогсоол байгуулж, зөвшөөрөл худалдана.
“Гудамж” төслийн хүрээнд 61-ийн гармаас Хүй долоон худаг хүртэл 8,5 км автозам шинээр тавьж байгаа.
Харин Дүнжингарав худалдааны төвд 5000 машин үнэ төлбөргүй байрлуулна. Эндээс Төв цэнгэлдэх хүртэл жижиг оврын автобусаар наадамчдад үнэ төлбөргүй үйлчлэх юм.
Хүй долоон худаг цаашид Монгол наадмын төв болно. Энэ жилийн хувьд 20 га талбайд 7000 автомашины зогсоол, Сүхбаатарын талбайгаас хоёр дахин том, эко хавтан бүхий талбай байгуулж, “Гудамж” төслийн хүрээнд 61-ийн гармаас Хүй долоон худаг хүртэл 8,5 км автозам шинээр тавьж байгаа.
Эдгээр ажлыг ирэх сарын 5-нд хүлээж авна гэдгээ Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэлээд хөрөнгийн асуудлыг шийдвэрлэсэн тул хугацаанд нь чанартай гүйцэтгэхийг үүрэг болголоо.