Зориулалтын гал унтраах 22 автомашинтай боллоо
Өнөөдөр онцгой байдлын албаны өдөр тохиож буй. Энэ баярт өдрөө онцгойгийнхон гал унтраах зориулалтын таван төрлийн 22 автомашинтай боллоо. Энэхүү автомашин хүлээн авах ёслолын арга хэмжээнд Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Д.Тэрбишдагва, ОБЕГ-ын дарга, хурандаа Т.Дуламдорж, Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Такенори Шимизү нарын албаны хүмүүс оролцсон юм.
Ёслолын арга хэмжээг нээж Шадар сайд Д.Тэрбишдагва 2005 оноос хойшхи зургадугаар сарын 20-ний энэ өдрийг жил бүр Онцгой байдлын албаны өдөр болгон тэмдэглэж ирлээ.
Баярт өдрөө онцгойгийнхон гал унтраах зориулалтын таван төрлийн 22 автомашинтай боллоо.
Манай Онцгой байдлын албан хаагчид өнгөрсөн хугацаанд 26580 гаруй аюулт үзэгдэл, ослоос 5350 гаруй хүний амь, төр болон аж ахуйн нэгж, иргэдийн 123,0 тэрбум төгрөгний өмч, хөрөнгийг хамгаалж чадсан байна. Өнөөдөр Японы Олон Улсын хамтын ажиллагааны ЖАЙКА байгууллагын буцалтгүй тусламжийн хүрээнд бид таван төрлийн 22 автомашинтай болж байна. Ингэснээр нийслэлийн Аврах, гал унтраах ангиудын авто машины парк 100 хувь шинэчлэгдэх болно.
Бид онцгой байдлын аврагч нараа чадавхижуулах, албан хаагчдын бэлтгэл бэлэн байдал, шуурхай ажиллагаа, техник хэрэгслийн хангамжийг сайжруулахад онцгойлон анхаарч “Өөрсдөө ч эрсдэхгүй, өрөөлийг ч аварна” уриатай ажиллаж байна гэлээ.
Ноён Элчин сайд Такенори Шимизү ОБЕГ-ын дарга, хурандаа Т.Дуламдоржид автомашинуудын түлхүүрийг хүлээлгэн өгөхдөө “Шинэ машинууд Улаанбаатар хотын оршин суугчдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг галын аюулаас хамгаалах, хотын амар амгалан байдлыг нэмэгдүүлнэ гэдэгт найдаж байна” хэмээн хэлсэн.
Автомашины 16 нь 3500-8000 литрийн багтаамжтай усны багтаамжтай
Нийт 14.2 тэрбум төгрөгийн өртөг бүхий галын 22 автомашиныг монголын эрс тэс уур амьсгалд тохируулан Япон Улсад захиалгаар бүтээлгэсэн бөгөөд гал сөнөөгчдөд галд тэсвэртэй зориулалтын хувцас тоноглолыг ч хүлээлгэн өгсөн юм. Дээрх автомашины 16 нь 3500-8000 литрийн багтаамжтай усны багтаамжтай, нэг химийн аргаар гал унтраадаг, гурав нь гэрэлтүүлэгч цамхаг бүхий аврах машин, хоёр сунадаг шаттай машин аж.
Төгсгөлд нь Сүхбаатарын талбайд ОБЕГ-ын 500 орчим албан хаагч ёслолын жагсаал хийж, шинэхэн автомашинаараа гал унтраах үзүүлэх тоглолтыг үзүүллээ.