Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнээр Т.Хадхүүг томилов
Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүн Т.Хадхүү
2013.01.18

Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнээр Т.Хадхүүг томилов

УИХ-ын нэгдсэн чуулганы баасан гаригийн үдээс өмнөх хуралдаан үргэлжилж, Төрийн албаны зөвлөлийн гишүүнийг чөлөөлөх, томилох тухай асуудлыг хэлэлцлээ.

Тэтгэврийн насанд хүрсэн тул ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлийг Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүн Д.Батбаяр холбогдох газарт хүргүүлсэн, мөн түүний оронд Т.Хадхүүг томилохоор нэр дэвшүүлснийг  хэлэлцсэн. Энэ үеэр гишүүд төрийн алба, төрийн албанд ажиллагсдын оршин тогтнох эрх, үүргийн талаар санал бодлоо өргөнөөр хэлж байв. Төрийн албаны шинэтгэл, цаашид дэвшилт хэлбэрээр улам боловсронгуй болгох, төрийн албыг нийтийн алба болгох, тогтвортой байлгах тухайд ч гишүүд байр сууриа идэвхтэй илэрхийлсэн юм.

Тухайлбал, Я.Содбаатар, Су.Батболд, Сү.Батболд, Н.Энхболд, Д.Лүндээжанцан нарын гишүүд үг хэлж, төрийн албанд хуулийн дагуу томилгоо хийж байх нь зүйтэй хэмээн хэлсэн бол М.Зоригт, Р.Гончигдорж, Х.Тэмүүжин, Ч.Сайханбилэг нарын гишүүд төрийн албаны шинэчлэл, илүү дэвшилт, боловсронгуй  хэлбэрийн төлөө ажиллаж,  үйл ажиллагаа явуулах цаг болсон тухай байр сууриа илэрхийлж, бүх зүйл зохих хуулийн дагуу явж байгааг хэлж байлаа.

Ингээд Д.Батбаярыг Төрийн албаны зөвлөлийн гишүүнээс чөлөөлж, ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэгийн танилцуулга, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг хэлэлцэн, Тогмидын Хадхүүг Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнээр томилохыг дэмжлээ.

Т.Хадхүү төрийн албанд нийт 15 жил 8 сар ажилласан,  төрийн албаны туршлага бүхий хуульч мэргэжилтэй эмэгтэй юм байна. Нэр дэвшигч Т.Хадхүүгийн томилгоотой холбогдуулан УИХ-ын гишүүн Я.Содбаатар, Л.Энх-Амгалан нар асуулт асуусан.  Т.Хадхүү төрийн албыг тогтвортой ажиллуулах нь чухлыг тэмдэглээд нөгөө талаас ард иргэддээ  шуурхай үйлчлэх, төрийн албанд шинэчлэл нэвтрүүлэх  нь  төрийн албаны  онцлог шинж, зарчим болоод буйг хэлж  байлаа.   Түүнчлэн УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл,  төрийн албаны зөвлөлийн гишүүдийг хэдийгээр УИХ-аас томилдог ч, ардчилсан зарчмыг барьж, төрийн институциудаас санал болгодог, гэхдээ төрийн нэрийн өмнөөс үйл ажлаа явуулдаг гээд шинээр томилогдож байгаа хүмүүс төрийн албаны шинэчлэлийн төлөө зөв үйл ажиллагаа явуулна гэдэгт найдаж буйгаа хэлсэн.