МАН-ын дарга Ө.Энхтүвшин горимын санал гаргав
Ө.Энхтүвшин: УИХ-ын гишүүн, МАН-ын дарга
2013.01.11

МАН-ын дарга Ө.Энхтүвшин горимын санал гаргав

УИХ-ын чуулганы /2013-01-10/ нэгдсэн хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн,  МАН-ын дарга Ө.Энхтүвшин горимын санал гаргасан юм. Учир нь  “ Сүүлийн үед хэд хэдэн аймаг дээр ямар ч хуулинд байхгүй Засаг даргын үүрэг гүйцэтгэгч гэсэн албан тушаалтныг  томилж байна.

1996, 1997 онд Үндсэн хуулийн Цэц Засаг даргын үүрэг гүйцэтгэгч байхгүй гэдгийг шийдвэрлэсэн байхад үүрэг гүйцэтгэгч томилно гэдэг нь хууль зөрчсөн асуудал болно. Өнөөдөр энэ асуудлаар чуулганы хуралдаан дээр Ерөнхий сайдыг дуудаж асуух юмуу  эсвэл  хууль зөрчсөн байна гэдэг дээр ажлын хэсэг гаргаж шалгуулах ч юм уу,  хүчингүй болгох талаар ажиллах уу, түдгэлзүүлэх үү гэдэг дээр  анхаарал хандуулж хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд оруулж өгөхийг хүсье. Өмнө нь  хэд хэдэн удаа бүлгийн хуралдаанд танилцуулах хүсэлт гаргасан ч Ерөнхий сайд ирээгүй” гэлээ.

УИХ-ын дарга  З.Энхболд, “ Өнгөрсөн 5 дахь өдөр Ерөнхий сайдын мэдээлэл дотор орон нутгийн сонгуулийн дүнгээр Засаг дарга  нарыг томилох тухай асуудал яригдсан. Тэгэхэд та бүхэн бүгдээрээ бодлоготойгоор хуралд суугаагүй.Маргаашийн чуулганы мэдээллийн цаг дээр энэ асуудлыг хэлэлцэх  талаар зохион байгуулалт хийж  болох ч   мэдээллийн цагаар 7 хоногийн өмнө төлөвлөгдсөн  Ерөнхийлөгчийн хийх хаалттай мэдээлэл байгаа.  Харин гарц нь юу байна гэхээр асуудлыг Байнгын хороон дээр ярьж байж чуулганд  оруулж  ирдэг хуультай. Энхтүвшин гишүүн өөрөө үүнийг мэдэж байгаа. Иймд Төрийн байгуулалтын байнгын хороог хуралдуулж энэ  саналыг  ярих нь зүйтэй. Өнөөдрийн чуулганы хуралдааны хэлэлцэх асуудлын дараалалд энэ асуудлыг нэмж тусгах  эрх надад байхгүй байна. Болж буй асуудлыг Засгийн газрын гишүүд харж байгаа бол хууль биелүүлэх тал дээр анхаарах хэрэгтэй” гэдгийг  анхаарууллаа.