Ж.Эрдэнэбат: Засгийн газрын 1.5 сая ам.долларын бонд манайд хэрэгжих боломжгүй
УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбаттай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Засгийн газар дэлхийн зах зээлээс босгосон 1.5 тэрбум ам.долларын бондоор хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийг тодорхой болсон хэмээн Ерөнхий сайд хэлсэн. Мөн өдөрт олон сая долларын хүү төлөөгүй гэж мэдэгдсэн. Энэ тал дээр та ямар байр суурьтай байгаа вэ?
-Засгийн газар гадны зах зээлээс мөнгө олж ирсэн нь буруу биш. Гэхдээ юу хийх вэ гэдгээ тогтсон үедээ мөнгө оруулж ирэх ёстой. Одоо юунд зарцуулахаа мэдэхгүй байж баахан мөнгө оруулаад ирчихсэн. Энэ Монгол Улсад, ард түмний нуруун дээр хүнд ачаа үрүүлэх хэрэг гарч байгаа юм л даа. Өдөрт 275 сая төгрөгийн хүү төлж байна шүү дээ.
-Ерөнхий сайд хүү төлөөгүй гэж мэдэгдэж байсан шүү дээ?
-Хүү төлөхгүй байна гэж огт байхгүй. Яагаад гэвэл, энэ бондыг хүүтэй авсан. Тийм учраас Засгийн газар хүү төлж л таарна. Арилжааны банкуудад байршуулсан энэ тэр гэсэн тайлбарыг Ерөнхий сайд хэлж байна билээ. Өнөөдөр эд нар банкинд мөнгөө байршуулаагүй. Байршуултлаа өдөрт 275 сая төгрөгийн хүү төлж байгаа. Хоёрдугаарт, Засгийн газар мөнгө хүүлэгч биш шүү дээ. Нэг газраас оруулж ирээд, нөгөө газар руу өгч дундаас нь мөнгө олдог ченж маягаар ажиллаж болохгүй юм. Тийм учраас ажлаа тов тодорхой болгосныхоо дараа мөнгөө эргэлтэнд оруулах ёстой. Ингэж байж мөнгө маань хурдан эргэлтэнд орно.
Одоо эргэлтэнд ороогүй байж баахан төсөл хөтөлбөр хэрэгжүүлнэ гээд яриад байдаг. Ерөнхий сайдын хэлсэн тэр олон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлбэл 1.5 сая тэрбум ам.доллар хаанаа ч хүрэхгүй шүү дээ. Өч төчнөөн төсөл хөтөлбөр нийлүүлж тавьчихаад ийм юм хийх гэж байна гээд ард түмнийг хуураад байгаа юм.
Мөнгө олж ирж байгаа нь зөв. Гэхдээ тэр мөнгийг цаг хугацаа, хийх ажлаа тодорхой болгож байж зарцуулах хэрэгтэй. Нөгөө талаас 1.5 сая ам.долларын хөрөнгө оруулалт Монгол Улсад хэрэгжих боломжгүй. Учир нь өнөөдөр Монгол Улс эрс тэс уур амьсгалтай. Өнөөдөр бүтээн байгуулалтын ажил зогсчихсон байна. Дөрөв, тавдугаар сараас бүтээн байгуулалт эхэлнэ. Гэтэл энэ мөнгийг ид өвлийн хүйтнээр оруулж ирнэ гэдэг таван сарын турш хүүний өрөнд дарагдаж, ашиглах боломжгүй амьдарна гэсэн үг.
-МАН-ын гишүүд УИХ-ын чуулганд өнгөрсөн долоо хоногт суугаагүй. Заавал ингэх шаардлага байгаа юм уу?
-МАН-ын бүлгийн хувьд байнга ирц нь бүрдэж чадахгүй байгаа парламентын ирцийг бүрдүүлж хуралд оролцсоор ирсэн. Хоёрдугаарт, нэг шаардлага тавьж байгаа. Тэр нь юу гэвэл УИХ-ын гишүүд ирээгүй гишүүнийхээ өмнөөс картыг нь хийчихдэг. Тэгээд кнопыг нь дараад санал авчихдаг явдлыг зогсоох хэрэгтэй гэсэн шаардлага тавьж байна. Дараа нь, нэгэнт олонхи болсон бол олонхиороо шийдвэрээ гарга. Олонхио бүрдүүл гэж байгаа юм. Мөн Ерөнхий сайдыг манай намын бүлгийн хуралд бонд болон Орон нутгийн хурлын сонгуулийн талаар мэдээлэл өгөөч гэсэн санал тавьсан. Ерөнхий сайд үүнийг хүлээж аваагүй. Аливаа зүйл шударга, хуулиа хэрэгжүүлдэг байх ёстой гэдэг үүднээс бид хандаж байгаа юм.
-Орон нутгийн хурлын сонгуулийн үр дүнд ялалт байгуулсан МАН-ын төлөөлөлийг батламжлахгүй байх явдал гарч байгаа. Багануур дүүрэгт гэхэд л бөөн маргаан үүссэн. Энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ?
-Өнөөдөр Монгол Улсын хэмжээнд зургаан аймгийн Засаг дарга томилоогүй байгаа шүү дээ. Энэ томилогдоогүй зургаан аймгийн Засаг дарга МАН-ын төлөөлөл байж байх жишээтэй. АН-ынхан Засаг даргаа ядах зүйлгүй батламжласан хэрнээ МАН-ын Засаг даргыг батламжлахгүй байлгаад байгаа юм. Түүний нэг жишээ нь манай Сэлэнгэ аймаг. Сэлэнгэ аймагт 37 суудлаас МАН 20 суудал авсан. Энгээд үнэмлэхүй ялчихаад байхад сонгуулийн будилаантай гээд хэл ам гаргаад байх юм. Яг үнэндээ тэр будилааныг тэнд цөөнх болсон АН-ын нөхдүүд хийгээд байгаа байхгүй юу. МАН-ын ялсан гишүүдэд худлаа үнэн шалтаг гаргаж гүтгэж байна. Нэгэнт нэгэнт ялалт байгуулсан сөрөг хүчнийг дэмжээд өгөх хэрэгтэй шүү дээ. Тэгэхгүй ямар нэгэн хууль хяналтын байгууллагыг ашиглаж, ямар нэгэн хэлбэрээр булаан авах арга хэрэглэж байгаа явдал бүр хууль зөрчсөн үйлдэл.
-МАН, МАХН нэгдэнэ гэсэн яриа бий. Энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ?
-Ер нь бол МАХН өөрөө МАН-аас салаалж гарсан нам шүү дээ. МАХН гэдэг нэр хуулиараа олгогдох боломжгүй байсан. Гэхдээ олгогдсон. Нэгдэж нийлэх асуудал бол өнөөдрийн хувьд шийдэх асуудал биш гэж бодож байна. Гэхдээ би ганцаараа шийдвэр гаргахгүй. Хамт олныг дагаж шийдвэр гаргадаг. Харин хувь хүний байр сууринаас бол боломжгүй асуудал гэж бодож байна.
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Шүүх эрх мэдлийн тухай багц хуулийн шинэчилсэн найруулга УИХ-аас хэлэлцэгдэж байна. Энэ хууль хэр зөв хууль вэ?
-Шүүх эрх мэдлийн тухай багц хуулийн шинэчилсэн хуулийн төсөл дээр бид Ерөнхийлөгчтэй санал нэг байгаа. Өнөөдөр бид ард иргэддээ шүүх эрх мэдлийг ойртуулах гэж байгаа бол ойртуулсан шиг ойртуулах ёстой. Манай Сэлэнгэ аймгийнхан давж заалдахаар бол Дархан-Уул аймагт очих шаардлага гарч байгаа юм. Бас Увс аймгийн иргэд давж заалдахаар болбол Ховд аймагт очих хэрэг гарна. Тиймээ иймэрхүү хүндрэлтэй асуудлыг шийдэх л хэрэгтэй.