Хогтой дүүргийн удирдлагад хариуцлага тооцно
ТҮК-уудаа ажиллуулж чадахгүй, хур хог бий болгосон дүүргийн удирдлагуудтай хариуцлага тооцно гэдгээ хотын дарга хатуу анхааруулж байна.
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас нийслэлийн ариун цэврийг сайжруулах, хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх, ингэснээр иргэдийн ая тухтай орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх үүднээс ирэх сарын 1-нээс эхлэн хоёр сарын хугацаатай “Хоггүй Улаанбаатар” аян өрнүүлэхээр болжээ.
Аянд бүх дүүрэг, хороо, хотын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй байгууллага, аж ахуйн нэгж, иргэн бүр хамрагдах юм.
Орон сууц, гэр хорооллын айл өрх, гудамж, гуу жалга болон албан байгууллага, аж ахуйн нэгж, нийтийн эзэмшлийн гудамж, талбайн хог хаягдлыг цэвэрлэх, тээвэрлэх үйл ажиллагаанд менежментийн оновчтой шийдэл нэвтрүүлэн, үйлчилгээгээ сайжруулж, дүүргээ хоггүй цэвэр болгохыг дүүргийн удирдлагуудад даалгасан байна.