Барилгын хогийг ил задгай асгасан аж ахуйн нэгж, иргэдэд хариуцлага тооцно
2012.02.08

Барилгын хогийг ил задгай асгасан аж ахуйн нэгж, иргэдэд хариуцлага тооцно

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Орчны бохирдол, хог хаягдлын менежментийн хэлтсээс барилгын хог хаягдлыг хогийн төвлөрсөн цэгт хаяулж байх асуудлыг шийдэхээр журам гаргахаар болжээ. Одоогоор журмыг хэлэлцэж байгаа аж. Энэ талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны мэргэжилтэн Т.Энх-Амгалангаас тодрууллаа.
-Барилгын хог хаягдлыг хогийн төвлөрсөн цэгт хаяулж байх тухай журам гаргах гэж байгаа гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөөч?
-Улаанбаатар хотод жилдээ 350-400 мянган тонн хог гардаг. Үүний 12-15 хувь нь буюу 60-аад мянган тонн нь барилгаас гардаг гэсэн тооцоо байдаг. Гэтэл үүнээс ердөө 24 хувь буюу 14-16 тонн нь  Нарангийн энгэр болон Морингийн давааны төвлөрсөн хогийн цэгт хаягддаг байгаа. Үлдсэн 46 мянган тонн нь голын эрэг дагуу, эзэнгүй газруудаар хулгайгаар хаягддаг гэсэн судалгаа бий. Энэ асуудалд нийслэлээс анхаарч дүүргүүдэд үүсч байгаа барилгын болон хур хогийг цэвэрлэх зардалд зориулж хөрөнгө мөнгө төсөвлөж ирсэн. 2010 онд гэхэд 100 гаруй сая төгрөг зарцуулсан. 2011 онд 200 орчим сая төгрөг зарцуулсан. Барилга байгууламж барьж байгаа аж ахуйн нэгжүүд хогоо хаядаг, түүнийг нь нийслэлээс мөнгө гаргаж цэвэрлэдэг байдлаар явж ирсэн. Үүнийг нийслэлийн захирагчийн ажлын албанаас өөрчилж, журамлах хэрэгтэй гэж үзэн “Барилгын хог хаягдлыг хогийн төвлөрсөн цэгт хүргэх  журам”-ыг санаачлаад, Засаг даргын зөвлөлийн хуралд өргөн бариад байна.
-Журам батлагдан гарлаа гэхэд ямар ач холбогдолтой юм бэ?
-Барилгын болон инженерийн ажил үйлчилгээ гүйцэтгэж байгаа аж ахуйн нэгж болон хувь хүмүүсийн хүлээх үүрэг, хариуцлага тодорхой болно. Мөн дүүрэг, мэргэжлийн хяналтын газрын хүлээх үүрэг, хүлээлгэх хариуцлагууд нь тодорхой болох юм. Барилга барьж байгаа газрууд одоо бол дүүрэгтэйгээ харьцахгүй шууд яаманд хандаад, зөвшөөрлөө аваад, барилга барьдаг. Харин энэ журам гарснаар дүүрэгтэй заавал гэрээ байгуулах ёстой болно. Тодорхой хэлбэл, ийм хэмжээтэй барилга барина, тэдэн тонн хог гарна, түүнийг нь тэгж тэгж Нарангийн энгэрт хүргэх болно гэсэн урьдчилгаа тооцоо гаргаад дүүргийн Засаг даргатай гэрээ байгуулна.Хог хаягдлаа тухайн компани өөрийн тээврээр хүргэж өгнө. Хэрвээ өөрийн тээвэр байхгүй бол тухайн дүүргийн тохижилт үйлчилгээний компани юм уу, хувь хүмүүстэй гэрээ хийж ачуулах ёстой. Тэгж гэрээ хийснээрээ хог хаягдал Нарангийн энгэрт очих бүрэн боломжтой болох юм. Нарангийн энгэрт очсон хог хаягдлыг деспетчерээс авсан талон, баримтаар нь баталгаажуулна. Тэр талоноо барилга хүлээж авах комисст үзүүлэх ёстой. Тиймэрхүү утгатай журам гаргах гээд Засаг даргын зөвлөлд өргөн барьчихаад байж байна даа.
-Эхлээд гэрээ хийхдээ хэчнээн тонн хог хаягдал гарах вэ гэдэг тайлангаа дүүргийн Засаг даргад гаргаж өгөх нь байна?
-Тийм. Бүх зүйлийг давхар хянах гэж ийм журам гаргах гээд байна. Жишээ нь, дүүргийн засаг даргатай “Барилгын хог хаягдлыг хогийн төвлөрсөн цэгт хаях” гэсэн гэрээ байгуулна. Дээр дурьдсан тасалбар, талоноо авна. Тэр нь дараа нь гэрээний дагуу ажилласан эсэхийг хянах нэг хэрэгсэл болох ёстой.
-Энэ журамд хог хаягдлаа ил задгай газарт дур мэдэн асгасан аж ахуйн нэгжүүдэд хариуцлага тооцох тухай зааж өгсөн байгаа гэсэн үү?
-Иргэд манай гадаа барилгын хог хаягдал хаяад байна, тийм дугаартай машин хог асгалаа гэсэн мэдээлэл өгдөг. Түүнийгээ дүүрэгт болон замын цагдаад хэлдэг. Эргээд эдгээр байгууллага нь тодорхой арга хэмжээ авдаггүй. Тиймээс энэ журамд ямар хариуцлага тооцох талаас нь зааж өгсөн байгаа. “Дүүрэг, хорооны Засаг дарга нь барилгын хог хаягдлыг хогийн төвлөрсөн цэгээс бусад газар асгасан иргэн, аж ахуй нэгж байгууллагын талаар мэдээлэл өгсөн иргэнийг урамшуулах бөгөөд мэдээллийг чандлан хадгална” гэсэн заалт орсон. Энэ бол цаашид тооцох хариуцлагыг өндөржүүлж байна гэсэн үг. Энэ дагуу мэргэжлийн хяналтын газраас тодорхой хариуцлага тооцоод явах болно.
-Зөвхөн аж ахуйн нэгж биш иргэдэд ч бас хамаатай байх нь ээ?
-Иргэд ч гэсэн байрандаа засвар хийх, байшин барих гээд ажил хийдэг. Тэндээс нь хог хаягдал гарч таарна биз дээ. Тэгэхээр тэр хогоо хаа хамаагүй хаявал хариуцлага хүлээлгэнэ гэсэн үг. Тиймээс иргэд ч гэсэн байшингаа засах, шинээр байшин барих тохиолдолд журмын дагуу дүүргийн Засаг даргадаа хандах ёстой юм.
-Журам Засаг даргын зөвлөлөөр дэмжигдээд шийдэгдвэл хэзээ гарах бол?
-Яг тэдэнд гарна гэж хэлж мэдэхгүй. Зөвлөлийн хуралд өргөн барихаар дүүргүүдийн саналыг авах ёстой. Түүний дараа ИТХ-д өргөн баригдсанаар журмыг хэзээнээс мөрдөж эхлэхийг шийдвэрлэх юм.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.