Нефть боловсруулах үйлдвэрийн төрийн эзэмшлийн хувийг тогтоолоо
2012.03.26

Нефть боловсруулах үйлдвэрийн төрийн эзэмшлийн хувийг тогтоолоо

УИХ-ын 2010 оны 45, 2011 оны 39 дүгээр тогтоол болон Засгийн газрын 2011 оны 294 дүгээр тогтоолын дагуу Дархан-Уул аймагт байгуулах жилд хоёр сая тонн газрын тос боловсруулах хүчин чадалтай үйлдвэрийн төрийн эзэмшлийн хэмжээг 40 хувь байхаар Төрийн өмчийн хорооны хуралдаанаар шийдвэрлэжээ.

Энэхүү үйлдвэрийн тусгай зөвшөөрлийг 2007 онд олгосон байдаг. Харин техник-эдийн засгийн үндэслэлийг нь Японы Засгийн газрын банк-Японы Олон улсын хамтын ажиллагааны банкны буцалтгүй санхүүжилтээр "Тоёо инженеринг" корпорациар хийлгэсэн байна.

Монгол Японы холбогдох компаниудын хооронд үйлдвэрийг барьж байгуулах үндсэн гэрээг 2010 онд, техникийн зураг төслийг боловсруулах контрактыг 2011 онд тус, тус байгуулжээ.

Үйлдвэрийн төрийн эзэмшлийн хэмжээг тогтоох асуудал шийдэгдсэн болохоор, төрийн болон хувийн хэвшлийн оролцоотой "Дархан-Газрын тос боловсруулах үйлдвэр" ХХК-ийг байгуулж, ойрын үед Японы талтай энэхүү үйлдвэрийн тоног төхөөрөмжийг нийлүүлэх, барилга-угсралтын ажлыг гүйцэтгэх гэрээг байгуулах юм байна.

Үйлдвэрийн хөрөнгө оруулалтын санхүүжилтэд Японы Олон улсын хамтын ажиллагааны банкнаас 10 жилийн хугацаатай, бага хүүтэй экспортын зээл авахаар урьдчилан тохиролцжээ.

Саяхан манай улсын Ерөнхий сайдын Япон улсад хийсэн айлчлалын үед Монгол Улсын Сангийн яам, Японы Олон улсын хамтын ажиллагааны банкны хооронд хамтын ажиллагааны харилцан тохиролцооны санамж бичигт гарын үсэг зурсан нь Япон улсын энэхүү төрийн банкнаас Монгол Улсын хувьд стратегийн ач холбогдолтой газрын тос боловсруулах үндэсний үйлдвэр байгуулах төслийг тэргүүн ээлжинд санхүүжүүлэх эрх зүйн үндсийг улам баталгаажуулсан.

Уг үйлдвэрийг барьж байгуулах ажлыг хувийн хэвшил талаас, "Монголсэкию, "Петровис", "Магнай трейд", "Жаст групп" зэрэг компанийн бүрэлдэхүүнтэй "Дархан-Ойл" Консорциум гүйцэтгэх аж.

Япон улсын тэргүүний техник технологиор үйлдвэрлэсэн, дээд зэрэглэлийн стандартын бүтээгдэхүүнээр улс орны хэрэгцээг бүрэн хангах хүчин чадалтай энэхүү үйлдвэрийг байгуулснаар, өдгөө манай улсад тулгамдаад буй бензин шатахууны импортын хараат байдлаас ангижруулах стратегийн зорилтыг шийдвэрлэх боломж бүрэлдэнэ гэж үзэж байгаа юм байна.
Нийтлэлч
Ч.Олдох
Эх сурвалж
Зууны мэдээ
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.