Нефтийн хямралаас гарах гарцыг хамтдаа хайна
Газрын тос
2012.02.10

Нефтийн хямралаас гарах гарцыг хамтдаа хайна

Монголын эдийн засгийн форумаас зохион байгуулдаг Мон­­голын эдийн засгийн ээл­жит чуулганыг ирэх гуравдугаар сарын 5, 6-нд зохион байгуу­ла­хаар болсон билээ. Гурав дахь удаагаа зохион байгуулж байгаа форумын энэ жилийн онцлог нь форумын үеэр хэлэл­цэх сэдвүүдээрх бүтэн сарын турш хэлэлцүүлэг зохион бай­гуулж байгаа юм. 


“Эдийн зас­гийн хөгжил”,” Нийгмийн бод­лого”,” Ногоон хөгжил ба инновацийн бодлого” гэ­сэн ерөнхий чиглэлүүдээр эдийн засгийн урьдчилсан хэлэл­цүүл­­гүүд Хууль зүйн үндэсний хорооны хурлын танхимд хийж байгаа. Эдгээрээс хам­гийн их сонирхол татсан нь мэдээж хэрэг шатахуун, неф­тийн бүтээгдэхүүний талаар хэлэлцсэн “Эрсдлийн удирдлага: Нефтийн бүтээгдэхүүний хараат байдал, түүнийг даван туулах нь” сэдэвт хэлэлцүүлэг байлаа. Үүгээр нефть импортлогч ком­паниудын үйл ажиллагаа болон төрөөс баримталж буй бодлого, явуулж буй ажлуудын талаар бизнесменүүд болон судлаа­чид, инженерүүдийн хоо­рон­д хэлэлцүүлгийг өрнүүлсэн юм.Бензин, шатахууны хомс­дол хийгээд үнийн асуудал монгол­чуудын хувьд байнгын хүнд асуудал байсаар ирсэн.

Газар зүйн байрлалаараа ч мөнхийн хоёрхон хөрштэй монголчууд нефтийн хямралд байнга л нэрвүүлж байдаг. ОХУ нефтийн бүтээгдэхүүнийн экспортдоо хориг тавих буюу дэлхийн зах зээлд үнэ өсөх болгонд Монголд неф­тийн хямрал болдог.Хэдийгээр өргөн хэрэг­лээ­ний барааны суурь үнэд нөлөөл­дөг шатахууны үнийг тогтортой байлгахын тулд төр засаг нь, импортлогчид ч чармайж байгаа ч хүндрэлтэй асуудлууд тулгарсаар байгаа аж. Үүнийг судлаачид зөвхөн үнийн хямрал бус тогтолцооны хямралын хэмжээнд хүрсэн асуудлыг цогцоор нь ёстой гэж томьёолж байгаа юм.

Тэгвэл яавал бид нефтийн хямралаасаа ангижрах боломжтой вэ. Яг энэ асуудлаар судлаач, мэргэ­жилт­нүүд хэлэлцүүлгийн үеэр шүүн ярилцлаа. Үүнд неф­тийн нөөцийг бий болгох, ха­раат бус байдлаас гарах, дотоод­­доо газрын тосны эрэл хайгуулаа үргэлжүүлэн, нефть боловс­руулах үйлдвэртэй болох гэх мэтчилэн олон чухал саналууд яригдаж байсан.

Монголчуудын хамгийн хурц асуудал болоод шатахуун тойрсон халуун хэлэл­цүүлэг үүгээр өндөр­лөх­гүй. Ирэх гуравдугаар сарын 5,6-нд болох Монголын эдийн засгийн форумын бас нэгэн чухал сэдэв байх юм. Тиймээс энэ сэдвээр иргэд олон нийт, эрдэмтэн судлаачид бүгд санал бодлоо илэрхийлж, хямралаас гарах гарцыг хамтдаа илэрхийлэхийг уриалж байгаа аж.

Ингээд форумын зүгээс гуравдугаар сарын 5-ны хүртэл хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр нээлт­­­тэй хэлэлцүүлэг явуулахаар бол­лоо. Иргэн та ч гэсэн хэвлэл мэдээллээр явуулах энэхүү нээлт­тэй хэлэлцүүлэгт оролцож, са­нал бодлоо илэрхийлэх бо­ломж­той юм байна шүү.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.