Хятад шатахууны үнээ нэмнэ
2012.02.08
Хятад шатахууны үнээ нэмнэ
Хятад улс өнөөдрөөс эхлэн жижиглэнгийн шатахууны үнийг литр тутамд нь 0.22-0.26 юаниар нэмэгдүүллээ. Тус улсын Үндэсний хөгжил шинэтгэлийн хорооны /ҮХШХ/ мэдээлснээр, түлшний үнийг тонн тутамд нь 50 орчим ам.доллараар өсгөжээ. Энэхүү шийдвэрийн дүнд Хятадын шатахууны үнэ 3.65 хувиар нэмэгдэж, 9380 юань/тонн хүрч байгаа ажээ. Харин дизель шатахууны үнэ 8530 юань/тонн-д хүрчээ.
Тус улсад шатахууны үнэ өнгөрсөн оны эхээр хоёр ч удаа өссөн ч оны сүүлээр 3 хувиар буураад байсан юм.
Хятадын шатахууны үнээ нэмж буй алхамыг тус улсын ҮХШХ олон улсын нефтийн зах зээлийн тогтворгүй байдал болон хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулахтай холбон тайлбарлажээ. Шинжээчид шатахууны үнэ өссөнөөр тус улсын дотоодын эрэлт хэрэгцээ буурахгүй ч инфляцийн түвшин өснө гэж үзэж байна. Хятад улс нь одоогоор газрын тосны дотоодын эрэлтийнхээ 50 гаруй хувийг импортолж байгаа юм.
Үүнээс гадна Ираны газрын тосны импортод Европын холбоо болон АНУ хориг тавьсантай холбоотойгоор дэлхийн зах зээл дэх газрын тосны үнэ 30 хувиар өсч болзошгүйг шинжээчид сануулж байгаа. Ираны Засгийн газар тус улсын бүтээгдэхүүнд хориг тавьсан нөхцөлд газрын тосны үнэ 250 ам.доллар/баррель болно гэсэн сенсаци ч дэгдээгээд амжсан билээ. Манай улсын хувьд шатахууны нөөцөө 100 хувь импортоор хангадаг. Үүний 98 хувийг ОХУ-аас, 1 хувийг БНХАУ-аас, үлдсэн хувийг БНСУ болон Казакстанаас хангадаг юм.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.