УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн ахлагчтай ажлын хэсэг Зүүн бүс нутагт ажиллаж байна
2025.01.31

УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн ахлагчтай ажлын хэсэг Зүүн бүс нутагт ажиллаж байна

Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо тодорхой салбар, асуудлыг хянан шалгаж санал дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах чиг үүрэг бүхий таван ажлын хэсэг байгуулан ажиллуулж байна.

Эдгээрийн нэг нь Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэнгийн ахлан ажиллаж буй Өрхийн, бичил, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих, хөгжүүлэх бодлогын шийдлийг боловсруулах ажлын хэсэг юм. Тус ажлын хэсэг эрхэлж буй асуудлынхаа хүрээнд иргэд, олон нийт, аж ахуйн нэгж болон анхан шатны байгууллага, мэргэжилтнүүдээс санал авахаар Зүүн бүс нутагт ажиллаж байна.

Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэн өнөөдөр (2025.01.31) Дорнод аймгийн иргэдтэй уулзалт хийж, “Жижиг дунд, үйлдвэр үйлчилгээний салбарын өнөөгийн байдал, хууль тогтоомжийг шинэчлэх хэрэгцээ шаардлага” сэдвээр хэлэлцүүлэг зохион байгууллаа. Мөн тэрбээр тус аймгийн сумдын Засаг дарга нар, аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, хэлтсийн дарга нартай уулзаж, өрхийн үйлдвэрлэлийг дэмжих, бичил, жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэх талаар санал солилцов.

Зүүн бүсийн Хэнтий, Сүхбаатар аймгуудад тус ажлын хэсэг ирэх долоо хоногийг дуустал ажиллах бөгөөд аймгуудын жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ болон өрхийн, бичил үйлдвэрлэл эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжүүдийн төлөөллөөс гадна эрчим хүч, зам, барилга, уул уурхайн аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй уулзалт, хэлэлцүүлэг хийхээр төлөвлөсөн байна