УИХ-ын чуулганы /2025.01.23/ны өдрийн хуралдаанаар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хэлэлцлээ.
Уг асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:
“Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг яагаад анх 2011 онд УИХ-аар баталдаг болсон бэ. Учир нь өнөөдөр хүн болгоны толгойд Улаанбаатар хотыг будлиулсан, хотын төлөвлөлтийг эвдсэн гэдгийг маш сайн мэдэж байгаа. Хэн нэгэн засаг дарга, архитектур орж ирээд Улаанбаатар хотын төлөвлөлтийг өөрчилдөг. Үүнийг болиулахын тулд хууль болгож Нийслэл Улаанбаатар хотын 2040 төлөвлөлтийг УИХ-аар батлаад ярилцаад л явж байна. Яг үүнтэй адилхан энэ хот Монгол Улсын нийслэл болно. Эхнээс нь бид нар хэлэлцээд явна.Тийм болохоор Улаанбаатар хотын алдааг давтахгүйн тулд УИХ-аар батлаад явдаг зарчмаар явъя гэж оруулж ирсэн. Үүнд огт буруу зүйл байхгүй. Шаардлагатай бол дараа засаад явах нь зүйтэй. Өнөөдрийн хот байгуулалтын хуульд орж байгаа Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөг батална гэдэгтэй адил энэ Хархорум хотын ерөнхий төлөвлөгөө, үзэл баримтлалыг батлаад явъя гэсэн санал орж байна.