2024.12.27
Н.Учрал: Хархорум гэдэг бол дэлхийн брэнд
УИХ-ын чуулганы /2024.12.27/-ны өдрийн хуралдаанаар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал:
Ер нь бол хотыг инженерүүд өөрсдөө л төлөвлөж байгуулж хувийн хэвшлийн дэмжлэгтэйгээр босгодог. Улаанбаатар хотыг хувийн хэвшил босгосон. Гэхдээ төрд байсан ганцхан одоо үүрэг нь зохицуулж өгөх ёстой байсан. Гэтэл зохицуулж өгөөгүй ерөнхий төлөвлөлтөө бариагүй. Төлөвлөлт нь байсан хэдий ч түүнийгээ зөрчөөд анхан шатын даамлууд, нөхдүүд найраан дундаа орсон. Ийм учраас Монголд онигоо гарсан. Монголд бүтээе гэвэл юу ч бүтнэ, бүтээхгүй бол юу ч бүтэхгүй гэж. Тийм учраас өнөөдөр ийм зах замбараагүй төлөвлөлт, цементийн ширэнгэ боллоо. Хархорин хот дээр энэ алдааг давтахгүйн тулд төр бас оролцох зүйлдээ оролцоно. Ялангуяа газар олголт дээр оролцох ёстой. Шууд эзэмшүүлж ашиглуулахгүй байх ёстой .
Аргаа бараад ЗГ дээр нэгдээд одоо энэ газар олголтыг шийддэг болгож байна шүү дээ. Тэгэхгүй бол нутгийн өөрөө удирдах байгууллага нь шийдье гэхээр бас замбарааг нь алдуулчихдаг. Тэр Хөшигийн хөндийг хар л даа хэдэн 100 гагаар нь нэг гэр бүл бүгдээрээ эзэмшээд сууж байгаа шүү дээ. Одоо хэн нэг даамлын өгчихсөн газрарт шинэ 100 мод хот байгуулах гэж гуйж гувшаад сууж байгаа.Одоо Хархорум хотын сургаар тэнд газар олголт бужигнаж эхэлж байна.Хурдан хуулиа гаргаад 130 хэдэн мянган га газрыг улсын тусгай хамгаалалтад авахгүй бол,сумын Засаг дарга нар газрыг нь олгоод пижигнүүлээд эхэлнэ.Хөшигийн хөндий дээр нисэх буудал баригдахад сумын Засаг дарга газруудыг олгоод пижигнүүлдэг шиг. Тийм учраас хурдан хуулийг нь гаргаж, цэгцтэй явуулахгүй бол болохгүй ээ.
Хархорум хотын хувьд бусад шинээр байгуулах гээд байгаа хотуудаас том ялгаатай. Энэ бол дэлхийн брэнд. Их эзэн Чингис хаан бид нарт насаараа хэрэглэх ашиглах, хоолоо олж идэх ийм хэдэн нэр брэндийг үлдээсэн. Хархорум гэдэг бол дэлхийн брэнд энэ бусадтай харьцуулшгүй юм байна лээ. Дээрээс нь Хархорум хотын Орхоны хөндий 4 зүг 8 зовхист төлөвлөгдөж болох орц гарцтай. Ийм бүс нутаг Улаанбаатар шиг хоёрхон орцтой, гарцтай биш юм билээ.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn