IMARC олон улсын уул уурхай, эрдэс баялгийн салбарын чуулганд салбарын сайд оролцлоо
2024.11.01

IMARC олон улсын уул уурхай, эрдэс баялгийн салбарын чуулганд салбарын сайд оролцлоо

11 дэх жилдээ зохион байгуулагдаж буй Олон улсын эрдэс баялаг, уул уурхайн чуулга уулзалт (IMARC 2024) Австралийн Сидней хотноо албан ёсоор эхэллээ.

Дэлхийн уул уурхайн салбарын тэргүүлэгчид, салбарын мэргэжилтнүүд болон оролцогч талуудыг нэгтгэсэн уг арга хэмжээнд Монгол улсаас Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамаа төлөөлж Уул уурхай, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, Элчин сайд Д.Даваасүрэн, хатагтай Кэти Смит нар оролцож, Монголын хөрөнгө оруулалтын боломжууд,хууль эрх зүйн орчныг танилцуулахаас гадна томоохон төсөл хэрэгжүүлэгчид өөрсдийн төслүүдийн явцыг танилцуулсан юм. Чуулганы нээлтийн хэлэлцүүлгүүд нь "Чухал ашигт малтмалын нэмүү өртгийн сүлжээг байгуулах нь" сэдвээр өрнөлөө. Энэхүү сэдвээр ногоон технологи болон эрчим хүчний шилжилтийг түргэсгэхэд нэн чухал эрдсүүдийн тогтвортой, найдвартай ханган нийлүүлэлтийн сүлжээг бий болгох шаардлагыг онцолж буй юм.

10-р сарын 29-31-ний өдрүүдэд үргэлжлэх IMARC 2024 арга хэмжээнд 300 гаруй компани, түүний дотор 90 гаруй уул уурхайн компаниуд оролцож, салбарын хамгийн сүүлийн үеийн шинэчлэл, хөгжлийг танилцуулж буй. Мөн 9000 гаруй оролцогч ирж, салбарын хөгжлийн талаар хэлэлцүүлэг өрнүүлэх, хамтын ажиллагааг бэхжүүлэх өргөн боломжийг олгох юм. Монгол улс IMARC 2024 арга хэмжээнд идэвхтэй оролцсоноороо олон улсын түншлэлээ хөгжүүлэх, дэлхийн уул уурхайн салбарт эзлэх байр сууриа бэхжүүлэх эрмэлзлээ мөн илэрхийлж байна.

Мөн IMARC Олон улсын уул уурхайн чуулга уулзалтын эхний өдөр Монгол улсын эрдэс баялгийн салбарыг олон улсын хөрөнгө оруулагч нарт сурталчлах зорилгоор "Монголын өдөр" арга хэмжээг амжилттай зохион байгууллаа.Тус арга хэмжээнд Ц.Туваан сайд аж үйлдвэр, эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлогын талаар танилцуулга хийлээ. Мөн Монгол улсаас Австрали улсад суугаа элчин сайд Д. Даваасүрэн, Австрали улсаас Монгол улсад суугаа элчин сайд Кэти Смит нар нээлтийн үг хэлж, Занаду Майнз ХХК, Аспайр Лимитед ХХК, Степ Голд ХХК, Азийн Батерэй Металс ХХК байгууллагуудын гүйцэтгэх удирдлагууд илтгэл тавьж оролцлоо.

IMARC олон улсын уул уурхай, эрдэс баялгийн салбарын чуулганы үеэр УИХ-ын гишүүдийн төлөөлөл, МУУҮА-ийн Гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяа нарын хамт Австралийн Шинэ Өмнөд Уэльс мужийн Парламентын ордонд зочилж, тус мужийн эрдэс баялаг, санхүү, худалдан авалтын сайдтай уулзалт хийлээ. Уулзалтын үеэр засаглал, тогтвортой байдал, эдийн засгийн хөгжлийн талаар чухал асуудлуудыг хэлэлцлээ.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn