
Олон улсын зөвлөхтэй хуулийн шинэчилсэн найруулгын талаар санал солилцлоо
Европын Холбооны санхүүжилттэй хэрэгжиж буй “Монгол Улс дахь ОУ-ын Худалдааг дэмжих төсөл (ITDM)”–ийн дэмжлэгтэйгээр ажиллаж буй ОУ-ын Зөвлөх, эксперт ноён Борут Матковичийг “Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төслийн ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн О.Батнайрамдал хүлээн авч уулзлаа.
Уулзалтын зорилго шинэчилсэн найруулгын төслийг олон улсын тэргүүн туршлагад тулгуурлан нарийвчилсан судалгаанд үндэслэн боловсруулах, эрх зүйн зохицуулалтын онцлог, чиг хандлага нь Монгол Улсын эрх зүйн орчинд хэрхэн нийцэж буй байдалд анхаарал хандуулах, цаашдын ажлын чиглэлийг тодорхойлоход оршсон юм.
Уулзалтад Стандарт, хэмжил зүйн газрын дарга С.Батбаатар, Захиргаа, удирдлагын газрын дарга Б.Ууганбаяр, Стандартчилал, тохирлын үнэлгээний бодлогын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Тулгаа болон “Монгол Улс дахь ОУ-ын Худалдааг дэмжих төсөл (ITDM)”–ийн удирдагч ноён Стефан Мозер оролцлоо.
Энэхүү хуулийн шинэчилсэн найруулга нь Монгол Улсын стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээ, итгэмжлэлийн тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэн боловсронгуй болгоход чиглэж буй чухал алхам юм.