ГАШУУНСУХАЙТ-ГАНЦ МОД БООМТЫН ХИЛ ХОЛБОЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХЭЭР “ЧАЙНА ЭНЕРЖИ” ГРУППЫН УДИРДЛАГАТАЙ ТОХИРОЛЦЛОО
2024.10.22

ГАШУУНСУХАЙТ-ГАНЦ МОД БООМТЫН ХИЛ ХОЛБОЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХЭЭР “ЧАЙНА ЭНЕРЖИ” ГРУППЫН УДИРДЛАГАТАЙ ТОХИРОЛЦЛОО

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн баг бүрэлдэхүүний хамт Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн болон ажиглагч орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцоод буцах замдаа БНХАУ-д ажиллалаа.
Энэ үеэр Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн арга хэмжээ тохиож, хоёр улс он цагийн түүхэн нугачаа, сорилт бүхнийг хамтдаа туулж, мөр зэрэгцэн урагшилсаар эдүгээ хоёр улсын харилцаа иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд хүрч, өргөжин хөгжиж байгааг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцолж, уламжлалт харилцаагаа улам бататгаж, ирэх жилүүдэд илүү эрчимтэй өрнөх харилцан ашигтай хамтын ажиллагааны шинэ замаа тодорхойлох учиртай гэдгийг тэмдэглэлээ.

Мөн, “Чайна Энержи” группын ТУЗ-ийн дарга Люй Гуоюэ-тэй уулзлаа. 2024 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр “Гашуунсухайт-Ганц мод боомтын хил дамнасан төмөр замын гүүр хамтран барих тухай’’ Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулсаны дагуу Хил холболтын бүтээн байгуулалт болон гүүр барих ажлыг эрчимжүүлэх саналтай байгаагаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ илэрхийллээ. “Чайна Энержи” группийн ТУЗ-ийн дарга Лю Гуоюэ Ерөнхий сайдын саналыг дэмжиж байгаагаа илэрхийлээд Монгол Улстай тогтвортой бөгөөд урт хугацаанд хамтын ажиллагаа хэрэгжүүлэх сонирхолтой байгаагаа тэмдэглэв.

Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хятадын газрын тос, байгалийн хийн корпораци (CNPC)-ийн ТУЗ-ийн дарга Дай Хоулянтай уулзаж газрын тосны чиглэлээр хамтран ажиллах, байгалийн хий дамжуулах хоолой барих, шатахуун худалдан авах зэрэг асуудлаар санал солилцлоо. Монгол Улсад барьж буй Газрын тос боловсруулах үйлдвэрт тус корпораци түүхий эд нийлүүлэх боломжтойг Ерөнхий сайд хэллээ. БНХАУ-аас импортлох Евро-5 стандартын шатахууны хэмжээг нэмэгдүүлэх, тус корпорацитай хамтран шинэ талбайд газрын тосны хайгуул хийж олборлолтыг нэмэгдүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлэв.

Хятадын газрын тос, байгалийн хийн корпорацийн ТУЗ-ийн дарга Дай Хоулян Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй дахин уулзаж байгаад талархал илэрхийлээд хоёр талын хамтын ажиллагааг эрчимжүүлэх сонирхолтой байгаагаа тэмдэглэв. Ялангуяа талууд хамтарч газрын тосны хайгуул олборлолтын ажлыг эрчимжүүлэх нь зүйтэй гэдгийг хэллээ.