СӨРӨГ ХҮЧНЭЭ, СӨРӨХ ОРОН ЗАЙГААР ХАНГАСАН ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН ОРЧИН БҮРДҮҮЛЬЕ
Сөрөг хүчин эрх баригч хүчинд халтай ч сайн хамгаалалт болдог. Эрх баригчдад шууд ирэх цохилтыг зөөлрүүлдэг.
Нийтлэг эрх ашгаар нь авч үзвэл сөрөг хүчин бол нийгмийн тогтвортой байдлын баталгаа. Чухам иймээс парламентын нэгэн үнэт зүйл болдог. Энэ удаагийн парламентын хамгийн олон гишүүнтэй сөрөг хүчин нь Ардчилсан намын бүлэг юм.
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд:
- С.Одонтуяа
- О.Цогтгэрэл
- Б.Пүрэвдорж
- Ш.Адьшаа
- Ж.Батсуурь
- Н.Ганибал
- Д.Ганбат
- Ц.Туваан
- А.Адъяасүрэн
- Б.Бейсен
- Н.Алтанхуяг
- С.Ганбаатар
УИХ дахь ХҮН намын төлөөлөл
- Т.Доржханд
Эдгээр 14 хүн эрх баригч 62-ын бүлгийг хянан, шахаж ажиллаж байна.
Парламентын гишүүний хамгийн чухал үүргийн нэг болох хууль санаачлах, хэлэлцэх, батлахад АН-ын бүлгийн гишүүд идэвхтэй оролцож, Газрын ерөнхий хууль, Хөдөлмөрийн тухай хууль зэрэг хэд хэдэн хуулийг хэлэлцэх явцад завсарлага авч, эрх баригчдад, Засгийн газарт хяналт тавих, иргэдийн төлөөллийн үүргээ ч сайн хэрэгжүүллээ.
Санаачлан батлуулсан голлох хууль
- Коронавируст халдвар /ковид19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль батлагдлаа.
- Төрөөс олгох урамшууллаас нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл суутган төлөх тухай хууль батлагдсанаар малчид, тариаланчид эрүүл мэнд, нийгмийн даатгалын үйлчилгээг цаг алдалгүй авах боломж нээгдлээ.
- Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд тодорхой нэр бүхий төрийн өндөр албан тушаалтан болон тэдгээрийн хамаарал бүхий этгээдийг нээлттэй бүх хэлбэрийн тендер шалгаруулалтад оролцохгүй байх өөрчлөлтийг тусгав.
- Монгол Улсын Их Хурлын хяналт, шалгалтын тухай хуулиар УИХ-ын хяналт шалгалтын асуулт тавих, хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийх, төсвийн хяналт, хяналтын сонсгол хийх зэрэг 7 төрлийн арга хэрэгслийг нарийвчлан хуульчиллаа.
- Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр сонгуулийн тогтолцоог мажоритар болон пропорциональ хосолсон тогтолцоогоор явуулах эрх зүйн үндсийг бүрдүүлж, Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан иргэний сонгох, сонгогдох эрхийг хангалаа.
- Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр тэтгэвэр тогтоох орлогыг хөдөлмөрийн хөлсний дараалсан 7 жилээр тооцдог болсныг 5 жил болгон багасгалаа.
Манай улс эдийн засгийн хямрал, хоёр хөршийн шахалт, хөрөнгө оруулагчдын нүүр буруулалт гээд чамгүй бэрхшээлтэй нүүр тулж байна. Ийм нөхцөлд парламентын түүхэнд дөрвөн удаа сөрөг хүчний үүрэг гүйцэтгэн ажиллаж буй АН-ын бүлгийн гишүүд эрх баригчдыг улс орныхоо төлөө сайн зүйл хийж, зөв бодлоготой, зөв хууль гаргахад нь ташуур болж, зөвийг хийвэл чөдөр тушаа болохгүйхэн шиг дэмжиж, ташуурдан, буруу зүйл хийвэл хэлж ярьж, засаж залруулж байр сууриа илэрхийлэн ажиллаж ирлээ.
О.Цогтгэрэл УИХ-ын гишүүн, Ардчилсан намын бүлгийн дарга
О.Цогтгэрэл: Шууд гэрээ хийж, улсын нууц болгож байгааг зогсоох хэрэгтэй
Нийслэлийн автобусны тендертэй холбоотой асуудал нь нэг компани техникийн шаардлага хангаагүй тээврийн хэрэгсэл оруулж ирсэн асуудал биш, харин мафижсан тогтолцооны авлигын пирамид үүссэн асуудал юм. Үүнийг шууд гэрээ хийж, улсын нууц болгож байна. Тиймээс дан ганц ногоон автобусыг тойрсон асуудлаар бус өнгөрсөн долоон жилийн хугацаан дахь нууц зөвлөмжтэй, шууд гэрээтэй холбоотой асуудлуудад анхаарч УИХ-ын гишүүн Н.Ганибалаар ахлуулсан ажлын хэсэг гарч ажиллахаар боллоо.
Б.Пүрэвдорж УИХ-ын гишүүн
Б.Пүрэвдорж: НӨАТ-ын 10 хувийг багасгахгүйгээр татварын бааз суурь нэмэгдэхгүй
Ардчилсан нам төрийн дарамтыг багасгахыг дэмжсээр ирсэн. НӨАТ-ын татварыг 5 хувь, буцаан олгохыг 2 хувь болгох хуулийн төслийг би өргөн барьсан. Татварыг багасгаснаар гаалиар орж ирэх барааны анхны бүрдүүлэлт үнэн зөв болно. НӨАТ-ын 10 хувийг багасгахгүйгээр татварын бааз суурь нэмэгдэхгүй. Таван жилийн дунджаар тэтгэврээ тогтоолгож чадаагүй иргэд хохирч болохгүй, үүнийг заавал шийдэх хэрэгтэй.
С.Одонтуяа УИХ-ын дэд дарга
С.Одонтуяа: “Ковидын төсвөөр нийтийн сонсгол" хийхийг шаардаж байна
УИХ дахь Ардчилсан намын бүлэг Их хурлын үйл ажиллагаанд хяналт тавих үүрэгтэй. Манай намын бүлгээс "Ковидын төсвөөр нийтийн сонсгол" хийхийг шаардаж байна. Цар тахалын үед иргэдийг найман сая төгрөгөөр эмчилж байгаад 170 мянган төгрөгөөр эмчилдэг болсон ялгааг тайлбарлахыг ард түмэн шаардаж байгаа. УИХ-ын хуулийн хэсэг нь хоёр өөр тайлбар өгсөн. Шинжээчгүй сонсгол зохион байгуулах гэж байгаа бол бид энэ сонсголыг хийхгүй.
Ж.Батсуурь УИХ-ын гишүүн
Ж.Батсуурь: Сөрөг хүчин бяргүйдээ биш төрийн ажилд саад учруулахгүй явуулах гэж хүлээцтэй байдаг шүү
2024 оны төсөв дагасан хуулиар Газрын хуулийн бүтэн концепцыг өөрчилж байна. О.Цогтгэрэл дарга Газрын тухай хуультай холбоотой завсарлага авах нь зүйтэй гэснийг би дэмжиж байна. Үүн дээр МАН-ын бүлэг урваганаж, шарваганах шаардлагагүй. Өнгөрсөн 3 жилийн хугацаанд сөрөг хүчин гээд хашгичаад та бүхний ажлыг боомилсон тохиолдол байхгүй. “Бид бяргүйдээ ингээд байгаа юм биш. Төрийн эрх олонхоороо шийдэгддэг учраас бид нөхцөл байдлыг ойлгож хүлээцтэй ханддаг шүү.
Энэ удаагийн сөрөг хүчин эрх баригчдын бурууг шүүмжилж, чиглүүлэхэд нөлөө үзүүлж чадсангүй, сул ажиллалаа гэх шүүмжлэл бий. Гэвч нөгөө талаар манай улсад сөрөг хүчинд эрх мэдэл олгосон ганц хоёрхон хуулийн заалтыг эс тооцвол тэдний эрх мэдэл, үүрэг нөлөөг дэмжих, ач холбогдлыг нь үнэлэх хууль, эрх зүйн зохицуулалт тун бага. Тухайлбал Улсын их хурлын тухай хуульд тусгасан заалтын дагуу, Төсвийн зарлагын хяналтын дэд хороог АН-ын гишүүн Б.Пүрэвдорж удирдаж байна.
Улсын их хурлын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн Сонгогчдын нэрийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хорооны дарга сөрөг хүчнээс томилогдох учиртай.
Түүнчлэн бүлэг байгуулах хэмжээний буюу наймаас дээш гишүүн нь парламентад сонгогдсон нам УИХ-ын дэд даргын албан тушаалд хүнээ томилуулдаг. Үүний дагуу С.Одонтуяа гишүүн энэ парламент дахь сөрөг хүчний болон эмэгтэй хүний хувиар ч анхны дэд дарга болсон билээ.
Бид ирээдүйн сөрөг хүчнээс илүүг шаардаж, үр дүнтэй ажиллах боломжийн бүрдүүлэхийн тулд парламентат ёс төлөвшсөн орнуудын сөрөг хүчиндээ ажил, үүргийн тодорхой эрх мэдэл олгодог сайн жишгийг нэвтрүүлж, парламентын хяналтын тогтолцоон дээр сөрөг хүчин илүү эрх мэдэлтэй болох хууль эрх зүйн орчин бүрдүүлэх ёстой юм.
Сэтгүүлч
Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn