Emirates News Agency: Монгол Улс AI-ы салбарт АНЭУ-тай хамтарна
2024.02.20

Emirates News Agency: Монгол Улс AI-ы салбарт АНЭУ-тай хамтарна

АНЭУ-ын хэвлэл, мэдээллийн байгууллагууд Монгол Улс болон Арабын Нэгдсэн Эмират Улс хиймэл, оюун ухаан /AI/-ы салбарт хамтран ажиллахаар болсныг онцолжээ.

Монгол Улсын Цахим хөгжил харилцаа холбооны сайд Н.Учрал өнгөрсөн өдрүүдэд АНЭУ-д ажлын айлчлал хийсэн бөгөөд энэ үеэр тус улсын Хиймэл оюун ухааны сайд Омар Султан Аль Оламатай нэгэн чухал баримт бичигт гарын үсэг зурж, хамтын ажиллагааны шинэ замыг нээсэн байна.

Сайд нар "Монгол Улс, Арабын Нэгдсэн Эмират Улс (АНЭУ) хиймэл оюун ухааны салбарт хамтран ажиллах санамж бичиг"-т гарын үсэг зурлаа.

Emirates News Agency: Монгол Улс AI-ы салбарт АНЭУ-тай хамтарна
Энэхүү санамж бичгийн хүрээнд Монгол Улс, АНЭУ хамтран судалгааны төслүүд хэрэгжүүлэх, хиймэл оюун ухаантай холбоотой туршлага солилцох, хиймэл оюун ухааныг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх бусад арга хэрэгслээр хамтран ажиллах боломж нээгдэж байгааг Арабын нэгдсэн Эмират улсын хэвлэлүүд онцолсон байна.

Монгол Улсын Цахим хөгжил харилцаа холбооны сайд Н.Учрал “АНЭУ бол Персийн булангийн орнуудын дундаас Монголын чухал түнш, дотны найз юм. Миний хувьд Дубайд болж буй Дэлхийн Засгийн газруудын дээд хэмжээний уулзалтын үеэр Арабын Нэгдсэн Эмират Улс дахь өөрийн түнш Омар Аль Оламатай уулзаж байгаадаа баяртай байна. Бид хиймэл оюун ухааны бүхий л салбарт нягт хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэхүү хамтын ажиллагаа нь маш ирээдүйтэй бөгөөд нийтлэг зорилго бүхий улс орнуудын хувьд бие биенийхээ туршлагаас суралцах боломжтой” гэжээ.

Энэхүү хамтын ажиллагаа нь хиймэл оюун ухаанд суурилсан технологитой холбоотой бодлогыг хамрах хүрээнд түншлэлийн хүрээг өргөжүүлэх, хиймэл оюун ухаантай холбоотой хамтын ажиллагааны боломжит салбаруудыг дэмжих, хиймэл оюун ухаантай холбоотой олон улсын Засгийн газрын хороо байгуулахад хамтран ажиллах зорилготой юм.

Мөн холбогдох байгууллага, эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийн судалгааны хүрээг хөгжүүлэх, хамтарсан судалгааны төслүүдийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой. Үүнээс гадна боловсрол, сургалтын хөтөлбөрөөр дамжуулан авьяас чадвар, туршлага, ур чадварыг нэмэгдүүлэх, эдгээр технологид суурилсан дижитал үйлчилгээний хөгжлийг дэмжих, хиймэл оюун ухааны салбарт хувийн хөрөнгө оруулалтыг дэмжих зорилготой аж.

Монгол, Арабын AI-ы салбарын хамтрал нь Монгол Улсын дижитал өөрчлөлтийг хурдасгах, эдийн засгаа уул уурхай, байгалийн баялгийн уламжлалт давуу талаас нь солонгоруулах, урт хугацааны, тогтвортой өсөлтийг дэмжихэд дөхөм болно.

Түүнчлэн, 2024 оны хоёрдугаар сарын 12-14-ний өдрүүдэд зохион байгуулагдсан Дэлхийн Засгийн газруудын дээд хэмжээний уулзалтын үеэр Монгол Улсын Засгийн газарт “Global Government Excellence Award” шагнал гардуулав.

Энэхүү нэр хүндтэй шагнал нь Засгийн газруудын шинэ технологи, инновацад суурилсан цахим шилжилтийг амжилттай, үр дүнтэй хэрэгжүүлсэн шилдэг туршлагад олгодог бөгөөд Монгол Улсын Засгийн газар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн манлайлал дор хэрэгжиж буй шилэн ажиллагаа, ил тод байдал, “Цахим үндэстэн-И-Монгол” санаачлагын хүрээнд төрийн үйлчилгээг иргэнд ойртуулах, хялбаршуулах, нээлттэй, ил тод болгох чиглэлд гаргаж буй үр дүнг олон улсын хэмжээнд тэргүүн туршлага хэмээн үнэлж, олгосон байна.

Дэлхийн Засгийн газруудын дээд хэмжээний уулзалтад 120 гаруй хуралдаан, семинар, 15 форум зохион байгуулж, 200 гаруй илтгэгч илтгэлээ тавьсан бөгөөд бодлого боловсруулагчид болон засгийн газруудын ирээдүйг төсөөлж, хамгийн сүүлийн үеийн асуудлуудыг хэлэлцсэн байна.