"E-Mongolia"-г цахим шилжилтийн амжилттай төслөөр шалгаруулж, шагнажээ
2024.02.15

"E-Mongolia"-г цахим шилжилтийн амжилттай төслөөр шалгаруулж, шагнажээ

Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотноо энэ сарын 12-14-ний өдрүүдэд Дэлхийн засгийн газруудын дээд түвшний уулзалт болов. Энэ үеэр Монгол Улсын Засгийн газарт  “Global Government Excellence Award” шагнал гардуулжээ.

Энэхүү шагналыг Засгийн газруудын шинэ технологи, инновацад суурилсан цахим шилжилтийг амжилттай, үр дүнтэй хэрэгжүүлсэн шилдэг туршлагад олгодог аж. Монгол Улсын Засгийн газрын шилэн ажиллагаа, ил тод байдал, “Цахим үндэстэн-И-Монгол” санаачилгын хүрээнд төрийн үйлчилгээг иргэнд ойртуулах, хялбаршуулах, нээлттэй, ил тод болгох чиглэлд гаргаж буй үр дүнг олон улсын хэмжээнд туршлага хэмээн үнэлсэн байна.

Шагналыг Арабын Нэгдсэн Эмират Улсын Ерөнхийлөгчийн ордны Хөгжлийн бодлогын газрын дарга Эрхэм дээд Ханхүү Шейх Диаб бин Мухаммад бин Заид Аль-Нахъян уг Дээд түвшний уулзалтад Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөн оролцож буй Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учралд гардуулжээ.

Шагналд 32 орны төрийн байгууллагуудаас 68 төсөл хүлээн авч нэр дэвшүүлжээ. Үүнээс:

  • Бүгд Найрамдах Серби: "Сонсголгүй хүмүүст зориулсан SOS" санаачилга "Нийгмийн оролцоонд зориулсан технологийн шинэчлэл" шагналыг хүртэв. Энэхүү санаачилга нь сонсголын бэрхшээлтэй иргэдэд Сербийн дохионы хэлний үндэсний төвийн харьяа мэргэшсэн орчуулагчид; видео дуудлага хийн туслах боломжийг олгох зорилготой юм байна.
  • Руанда: Имихиго дахь гүйцэтгэлийн гэрээний төслөөрөө "Засгийн газрын инноваци ба төрийн үйлчилгээний шилдэг" шагналыг хүртжээ. Энэхүү санаачилга нь төрийн хариуцлага, ил тод байдал, үр ашгийг дээшлүүлэх, төрийн албан хаагчид, агентлагуудын үйл ажиллагааны хэрэгжилтийг хангах зорилготой.
  • Бүгд Найрамдах Коста-Рика: Ойн аж ахуйн үндэсний сан (FONAFIFO) нь Байгаль орчны үйлчилгээний төлбөрийн хөтөлбөр (PES)-ээрээ "Тогтвортой байдал ба байгаль орчныг хамгаалах" шагналыг хүртлээ. Энэхүү хөтөлбөр нь Коста Рика болон Төв Америкт анхных бөгөөд ойн экосистемийг хамгаалах, газрын доройтолтой тэмцэхэд санхүүгийн нөхөн олговор олгодог.
  • Монгол: “Засгийн газрын дижитал өөрчлөлт” шагналыг “E-Mongolia” төслөөрөө хүртэв. Энэ нь улс орон даяар иргэд төрийн үйлчилгээг авах боломжийг ихээхэн хөнгөвчилсөн бөгөөд тус улсын дижитал өөрчлөлтөд чухал ач холбогдол өгсөн.
  • Бразилын Куритиба: "Speak Curitiba” төсөлд"Иргэний оролцоо ба олон нийтийн эрх мэдэл" шагналаар олгожээ. Энэ нь шийдвэр гаргах үйл явцад олон нийтийг оролцуулах боломжийг үр дүнтэй аргыг шинэлэг байдлаар нэвтрүүлсэн төсөл юм байна.
  • Чех: “Кибер аюулгүй байдал, технологийн боловсролын шилдэг” шагналыг Брно хотын МХХТ, шуудангийн удирдлага, санхүүгийн ахлах сургууль хүртлээ. Junior Center Excellence нь хиймэл оюун ухаан, түүнчлэн мэдээлэл, харилцаа холбооны шинэлэг, мэргэшсэн технологийг хөгжүүлэх зорилготой юм байна.

Шагналд нэр дэвшүүлэх, сонгон шалгаруулахдаа санал санаачилга нь амьдралын чанарыг эергээр сайжруулах, тогтвортой үр дүнд хүрэх, төрийн байгууллага, улс орон бүрд шинэлэг байдлаар өвөрмөц туссан, дагаж мөрдөх сайн загвартай, нийгэм, эдийн засаг, засгийн газарт эерэг нөлөө үзүүлсэн байх зэрэг шалгуурыг тавьжээ.