ЦАХИУРЫН ХӨНДИЙН МОНГОЛ ИНЖЕНЕРҮҮД ЦАХИМ ШИЛЖИЛТИЙН ТӨЛӨӨ НЭГДЛЭЭ
АНУ-ын Калифорни муж Сан-Франциско дахь албан айлчлалын хүрээнд Стэнфордын их сургуулийн удирдлагуудтай уулзах үеэр Цахиурын хөндий хэмээх дэлхийн мэдээллийн технологи, инноваци, гарааны бизнесийн өлгий болсон эдийн засгийн төв бүст ажиллаж, амьдарч буй Монгол инженерүүдтэйгээ уулзах боломж тохиолоо.
Цахиурын хөндий дэлхийн мэдээллийн технологийн эдийн засгийн 40 хувийг дангаар эзэлж, нэгэн дор 7000 гаруй компани өрсөлдөж, илүү ухаалаг ирээдүй, илүү өөдрөг маргаашийг бүтээж байна. Мэдээллийн технологийн дэлхийн хөгжлийн төв цэг болсон Цахиурын хөндийд 350 орчим Монгол инженер залуус шилдэг компаниудад шалгаран ажиллахаас гадна гарааны бизнес үүсгэж багаараа өрсөлдөж байна.
Цахиурын хөндийн шилдэг мэргэжилтнүүдээ хамтатган зөвлөл болгон албажуулж бодлого, төлөвлөгөөнд үгээ хэлж, саналаа өгч, эх орныхоо цахим шилжилтэд бодит хувь нэмэр оруулахад хамтарч ажиллахаар тохирлоо.
“Google”-ийн ахлах инженер Б.Баттулга, “SalesForce”-ийн бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн захирал М.Сувдмаа, Сан Францискогийн их сургуулийн Бизнесийн сургуулийн захирал Э.Отгонцэцэг, IT Инженер, Доктор, Судлаач Ш.Баатар, “Мета” буюу Фэйсбүүкийн систем хөгжүүлэгч залуус, “Оракл”, “Амазон”-ы Mонгол мэргэжилтнүүд тэргүүтэй залуус тус зөвлөлийг бүрдүүлэхээр боллоо. Бид Монголын анхны сошиал нэгдэл үүсгэх платформ Mongolnet-ийн залуустай хамтран цахим орчинд мэдээллийн технологийн инженерүүд, мэргэжилтнүүдийн нэгдэл үүсгэж дуу хоолойгоо нээлттэй илэрхийлэх, уламжлах боломжийг бүрдүүлэн ажиллах болно.
Монголын мэдээллийн технологийн инженерүүд, старт ап компаниуд дэлхийн зах зээлд хөл тавих, цахиурын хөндийд албан ёсны хаяг, данстай болоход энэ нэгдэл чухал ач холбогдолтой. Хамтран ажиллах хүсэлтийг хүлээн авсан та бүхэнд талархаж байна.
Холбоотой мэдээ
2024.12.23
2024.12.23
2024.12.20