Эрүүл мэндийн салбарт цахимжилтыг эрчимжүүлэх шаардлагатай
2024.01.22

Эрүүл мэндийн салбарт цахимжилтыг эрчимжүүлэх шаардлагатай

Эрүүл мэндийн салбарын цахим шилжилтийн эрчимжүүлэх талаар санал солилцох уулзалтыг /2024-01-19/ Цахим хөгжил, харилцаа холбооны яаманд хийлээ.

Монгол Улсын Ерөнхий сайд өнгөрсөн онд захирамж гарган Эрүүл мэндийн салбарын цахим шилжилтийг эрчимжүүлэх ажлын хүрээнд систем хооронд мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлэх асуудлыг судалж, санал боловсруулан танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийг Н.Учрал сайдаар ахлуулан байгуулсан юм.

Ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд Үндэсний дата төв, Боловсролын мэдээллийн технологийн төв, Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төв И-Монголиа академийн хөгжүүлэгч нарын дэмжлэгтэйгээр амбулаторийн карт, цахим жор, хүүхдийн ягаан дэвтэр, жирэмсний хяналт, дүрс оношилгооны дүгнэлт, вакцины гэрчилгээ зэрэг үйлчилгээг цахимжуулж E-Mongolia системээр иргэдэд хүргэхээр ажиллаж байгаа.

Мөн Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын тушаалаар байгуулагдсан дэмжлэг үзүүлэх дэд ажлын хэсэг эрүүл мэндийн салбар дахь цахим шилжилтийн нөхцөл байдлын судалгаа хийх, эрүүл мэндийн салбарын мэдээллийг системийг хөгжүүлэх, үндсэн болон дэмжих системтэй холбож, мэдээлэл солилцох нөхцөлийг бүрдүүлэх, эрүүл мэндийн салбарын цахим шилжилттэй холбоотой дүрэм, журам, захиргааны хэм хэмжээний актын өөрчлөлтийн төслийг боловсруулах чиглэлээр тус тус хамтарч ажиллаж байгаа мэдээллийг өглөө.

Ажлын хэсгийнхэнд эрүүл мэндийн салбарын үйл ажиллагааны чанар, хүртээмжийг сайжруулахад цахим шилжилт чухал үүрэгтэйг хэлж, салбарын онцлогт нийцүүлэн шийдвэр гаргаж, хамтран ажиллахыг захилаа. Мөн 2021 оноос хэрэгжиж эхэлсэн цахим шилжилтийн явц хангалтгүй байгаа тул эрүүл мэндийн суурь программуудыг идэвхжүүлж, чанар хүртээмжийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх шаардлага байгаа юм.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn