Бямба, ням гарагт ч улсын бүртгэлийн үйлчилгээг “24/7 цахим үйлчилгээний төв”-өөс авах боломжтой
2024.02.03

Бямба, ням гарагт ч улсын бүртгэлийн үйлчилгээг “24/7 цахим үйлчилгээний төв”-өөс авах боломжтой

Улсын бүртгэлийн байгууллага нь хамгийн анхны “24/7 цахим үйлчилгээний төв”-ийг нээлээ. Уг төв 100 айл дахь УБЕГ-ын төв байрны 1 дүгээр давхарт байрлаж байна.

Улсын бүртгэлийн үйлчилгээ авахыг хүссэн иргэн, хуулийн этгээд цаг хугацаанаас үл хамааран уг төвөөр үйлчлүүлэх боломжтой аж. Ингэхдээ хэн нэг бүртгэгч, ажилтнаар дамжуулахгүй Киоск машин болон банкны пос машин ашиглан цахим хэлбэрээр үйлчилгээгээ авах боломжтой юм. 

24/7 цахим үйлчилгээний төв нээгдсэнээр иргэдэд дараах давуу талууд бүрдэх юм. Үүнд:

  • Ажлын бус өдөр /Бямба, ням/, ажлын бус цагаар буюу 24 цагаар үйлчилгээ авна.
  • Иргэнээс гарах зардал буурч, цаг хугацаа хэмнэгдэнэ.
  • Үйлчилгээний шат дамжлагыг бууруулж иргэн, хуулийн этгээд төрд байгаа өөрийн мэдээллийг саадгүй авах боломж бүрдэнэ.
  • Тус төвөөр үйлчлүүлж буй танд ажлын цагаар улсын бүртгэгч зөвлөн туслах үйлчилгээг үзүүлэх бөгөөд ажлын бус цагаар иргэн та өөртөө үйлчлэн улсын бүртгэлийн үйлчилгээний цахим машин КИОСК-оос улсын бүртгэлийн 6 төрлийн үйлчилгээ, 18 төрлийн лавлагааг цагийн хязгааргүй авах боломжтой юм.

Х.Айсымбат Иргэний улсын бүртгэлийн газрын мэргэжилтэн

ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВӨӨС ИРГЭД ИРГЭНИЙ УЛСЫН БҮРТГЭЛИЙН 12, ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙН 4, ЭД ХӨРӨНГИЙН ЭРХИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙН 2 НИЙТ 18 ТӨРЛИЙН ЛАВЛАГАА 6 ТӨРЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ АВАХ БОЛОМЖТОЙ. МӨН ТООН ГАРЫН ҮСЭГ ШИНЭЭР АВАХ, ЦАХИМ ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХИЙН МЭДЭЭЛЭЛ АВАХ, ТӨЛБӨР ТООЦООНЫ ҮЙЛЧИЛГЭЭГ ТУС ТУС ҮЗҮҮЛЭХ ЮМ. ЦААШИД БИД ОРОН НУТАГ, НИЙСЛЭЛ ДҮҮРЭГТ 24/7 ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВӨӨ НЭМЖ АЖИЛЛУУЛАХААР БЭЛТГЭЛ АЖЛЫГ ХАНГАН АЖИЛЛАЖ БАЙНА.

24/7 цахим үйлчилгээний төв нь амралтын өдөр ч иргэдэд нээлттэй үйлчлэх учраас иргэн та улсын бүртгэлийн дээрх үйлчилгээг бямба, ням гарагт ч очиж авах боломжтой юм.

Хамгийн чухал нь үйлчилгээ авах иргэд цахим иргэний үнэмлэх, банкны төлбөрийн карттай байх шаардлагатай. Хэрвээ иргэний үнэмлэхийн лавлагаа болон иргэний үнэмлэхээ дахин захиалах гэж байгаа иргэд регистрын дугаараа оруулан үйлчилгээ авах боломжтой юм байна. 

Гадаад паспорт захиалах киоск машин. 
Гадаад паспортын зургаа шууд авахуулах боломжтой. 

Сэтгүүлч

Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn