“Дэлхийн засгийн газруудын дээд түвшний уулзалт”-д оролцож байна
Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал 2024 оны хоёрдугаар сарын 12-14-ний өдрүүдэд Дубай хотноо зохион байгуулагдаж буй “Дэлхийн Засгийн газруудын дээд түвшний уулзалт”-д Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөн зохион байгуулагч талын урилгаар анх удаа оролцож байна.
Сайд Н. Учрал Дээд түвшний уулзалтын хүрээнд “Цахим шилжилт-Ирээдүйн замнал” болон “Цахим Засгийн газар-Бодит амьдралд хэрэгжих нь” сэдэвт сайд нарын түвшний хэлэлцүүлгүүдэд оролцож, Монгол Улсын цахим шилжилтийн бодлого, зорилт, сайн туршлагаас хуваалцав.
Мөн энэ үеэр тэрээр АНЭУ-ын Хиймэл оюун ухаан, цахим эдийн засаг, зайны хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан Төрийн сайд Омар Султан Аль-Оламатай өнгөрсөн 11 дүгээр сард хоёр талын уулзалт хийж, хиймэл оюун ухааны салбарт хамтран ажиллахаар тохирсны дагуу “Хиймэл оюун ухааны салбарт хамтран ажиллах санамж бичиг”-т гарын үсэг зурав.
Сайд Н.Учрал Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн АНЭУ-д өнгөрсөн онд хийсэн айлчлалын үеэр байгуулсан "Засаглалын хөгжил, шинэчлэлийн туршлага солилцох тухай Монгол Улсын Засгийн газрын ХЭГ болон АНЭУ-ын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын хоорондын харилцан ойлголцлын Санамж бичиг"-ийн дагуу хоёр орны Засгийн газар албан ёсоор хамтын ажиллагааг эхлүүлж байгааг зарлах ёслолын арга хэмжээнд оролцоно.
Дэлхийн Засгийн газруудын дээд түвшний уулзалтыг Арабын Нэгдсэн Эмират Улсын Засгийн газар анх санаачлан 2013 оноос эхлэн зохион байгуулж байгаа бөгөөд хүн төрөлхтний өмнө тулгарч буй сорилтуудыг шийдвэрлэхэд инновац, дэвшилтэт технологийн шийдэл, боломжуудыг ашиглах, Засгийн газруудын хамтын ажиллагааг хангах, туршлага солилцох боломжуудыг нээх зорилготой механизм юм.
Энэ удаагийн Дээд түвшний уулзалтад Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхий сайд Р.Т.Эрдоан, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Моди зэрэг 20 гаруй улсын төр, засгийн тэргүүн, 300 гаруй сайд, Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын дарга К.Шваб, Дэлхийн банкны ерөнхийлөгч А.Банга, Олон улсын валютын сангийн гүйцэтгэх захирал Кристалина Гиоргиева зэрэг 80 гаруй олон улсын байгууллагын тэргүүн, нобелийн шагналтан, эрдэмтэн судлаачид болон “OpenAI” компанийн үүсгэн байгуулагч Сэм Алтман, Гүүгл компанийн Ерөнхий захирал асан Эрик Шмидт зэрэг технологийн салбарын нөлөө бүхий бизнес эрхлэгчид бүхий 4000 гаруй төлөөлөгч оролцож байна