С.Одонтуяа: Баривчлах шаардлагагүй иргэнийг 48 цаг биш 48 сар хорьсон тохиолдол гарсан
УИХ-ын чуулганы нэгдүгээр сарын 17 /2024.01.17/-ны өдөр болсон хуралдаанаар "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай" хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах С.Одонтуяа гишүүний санаачилсан хуулийн төслийг баталсан. Ингэснээр иргэнийг шүүхийн шийдвэргүйгээр цагдан хорьдог байдлыг халах хуулийн орчинд бүрдсэн юм. Учир нь хуулийн өөрчлөлт ирэх наймдугаар сар /2024 08/-аас эхлэн хэрэгжиж эхэлнэ.
Иймд бид "Туулай жил"-ийн онцлох сэдвээр "Шүүхийн зөвшөөрөлгүйгээр "Дур зоргоор" баривчилдаг байдлыг зогсоох" хуулийг нэрлэж санаачилж, парламентаар батлуулсан УИХ-ын дэд дарга С.Одонтуяаг "Шугам" нэвтрүүлгийнхээ найм дахь дугаарт урьж оролцууллаа.
Тэрбээр ярилцлагынхаа үеэр, "Залуучуудыг баривчлах, мөрдөхийн тулд Улсын төсвөөс маш их төгрөгийн зардал гардаг. Мөн цагдан хорих шаардлагагүй иргэнийг 48 цаг биш 48 сар хорьсон тохиолдол гарсан. Харин хуульд өөрчлөлт орсноор зөвхөн хорих ялтай хэргээр шалгагдаж буй яллагдагчийг л баривчилдаг байх хуулийн зохицуулалт үйлчилнэ" гэдгийг онцолсон юм.
Мөн 2022 онд НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн ажлын хэсэг Монгол Улсад хоёр долоо хоногийн турш ажиллаж, “Дур зоргоор саатуулах” асуудлаарх урьдчилсан дүгнэлтийг танилцуулсан юм. Тус дүгнэлтэд, "Ихэнх тохиолдолд сэжигтэн 48 цагаас дээш буюу зөвшөөрөгдсөн дээд хэмжэнээс илүү хугацаанд саатуулагддаг. Мөн олон тохиолдолд цагдаа иргэдийг эхлээд гэрчээр мэдүүлэг өгүүлэхээр дууддаг ч сэжигтэн болж хувирдаг байдал газар авсан" хэмээсэн юм. Мөн манай улсад 2020-2021 онд хийгдсэн баривчлах ажиллагааны 98-99 хувь нь шүүхийн зөвшөөрөлгүй хийгдсэнийг онцолсон.
Иймд нөгөө талаар "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай" хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан нь шүүхийн шийдвэргүйгээр "Дур зоргоор" баривчлах байдлыг таслан зогсоох НҮБ-ын даалгавар байсан гэж болно. Учир нь “Хойшлуулашгүй” гэсэн үгээр сэжигтэн болсон хүнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах, хүний эрхийн ноцтой зөрчлийг үүсгэж байсныг арилгах зорилгоор хуулийн төслийн нэмэлт өөрчлөлтийг УИХ-аар батлуулсан гэж болно.