УИХ-ын гишүүд БНХАУ-д Байнгын механизмын тавдугаар уулзалтад оролцож байна
2024.01.25

УИХ-ын гишүүд БНХАУ-д Байнгын механизмын тавдугаар уулзалтад оролцож байна

Монгол Улсын Их Хурал, БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал хоорондын байнгын уулзалтын механизмын тавдугаар уулзалт энэ сарын 23-нд Бээжин хотноо эхэллээ.

Уулзалтад УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар, УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, УИХ-ын гишүүн, ХЗБХ-ны дарга Д.Цогтбаатар, УИХ-ын гишүүн, НББХ-ны дарга П.Анужин УИХ-ын гишүүн, Монгол-Хятадын парламентын бүлгийн гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Б.Пүрэвдорж, С.Ганбаатар, Б.Бейсен, Д.Батлут нар оролцож байна.


Уулзалтаар нэгдүгээрт парламент, байнгын хороод хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэх, хоёрдугаарт худалдаа эдийн засаг, хөрөнгө оруулалтын салбарын хамтын ажиллагаа, гуравдугаарт ногоон хөгжил, цөлжилттэй тэмцэх чиглэлийн хамтын ажиллагаа, дөрөвдүгээрт эрчим хүч, хил боомтын хүрээнд хамтын ажиллагааг өргөжүүлэх гэсэн үндсэн дөрвөн чиглэлээр энэ удаагийн зөвлөлдөх уулзалтыг хийж буй юм.


Монгол Улсын Их Хурал нь БНХАУ, ОХУ, Европын Холбоо зэрэг улс орнуудын хууль тогтоох адил байгууллагатай Байнгын уулзалтын механизмтэй бөгөөд тус уулзалтуудаар дамжуулж, хоёр орны хооронд чухал салбарын хамтын ажиллагааг цаашид хэрхэн өргөжүүлэх талаар санал солилцдог.

2024 он хоёр орны харилцаанд онцлог жил болно. Тухайлбал, Дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой, Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээ байгуулсны 30 жилийн ой, Монгол, Хятадын харилцаа Иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд хүрсний 10 жилийн ой, Монгол Улсын Их Хурал, БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал хооронд байнгын уулзалтын механизм байгуулагдсаны 10 жилийн ой тус тус тохиох юм.