Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 9 удаа хуралдаж 22 асуудлыг хэлэлцжээ
Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2023 оны намрын ээлжит чуулганы хугацаанд 9 удаа хуралдаж 22 асуудлыг хэлэлцсэн байна. Байнгын хороо 22 асуудлын хүрээнд хуулийн төсөл 5, Улсын Их Хурлын тогтоолын төсөл 3, Байнгын болон дэд хорооны тогтоолын төсөл 7, олон улсын гэрээ, хэлэлцээр, конвенцыг зөвшилцөх тухай 4 асуудлыг хэлэлцэн, хуулийн 4 төсөл, Улсын Их Хурлын 3 тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар эцэслэн батлуулжээ.
Байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсаас гадаад улсад суугаа зарим Элчин сайдыг эгүүлэн татах, томилох тухай асуудлыг хэлэлцэн, уг асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлсэн байна. Түүнчлэн Байнгын хорооны тогтоолоор байгуулагдсан хууль тогтоомжийн төслийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийг 6 удаа хуралдуулжээ.Мөн Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хууль тогтоомжийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хүрээнд 18 санал, дүгнэлт, танилцуулгыг бэлтгэсэн аж.
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос эрхлэх асуудлынхаа хүрээнд хамаарах асуудлаар Засгийн газар болон холбогдох байгууллагуудад хуралдааны тэмдэглэлээр 4 үүрэг даалгавар өгч, 2 хурал, зөвлөгөөн, 1 сургалт, семинар, 5 уулзалт, ярилцлагыг зохион байгуулж, батлагдсан хууль тогтоомжийг олон нийтэд сурталчлах ажлыг 1 удаа холбогдох байгууллагатай хамтран хийсэн байна.
Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн, хэлэлцүүлгийн шатанд байгаа 22 хууль тогтоомжийн төсөл болон хэлэлцүүлгийн үе шатанд бэлтгэсэн материалуудыг тухай бүрд нь d.parliament.mn цахим системд байршуулж, иргэд, олон нийтээс санал авах, олон нийтэд сурталчлан таниулах ажлыг зохион байгуулж иржээ.
Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд дараах хууль тогтоомжийн төслийг хэлэлцэн нэгдсэн хуралдаанаар батлуулсан байна.
Монгол Улсын хууль:
- 1. Монгол Улс, Дэлхийн Банкны Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк болон Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын “Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай;
- 2. Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Далайн хөдөлмөрийн тухай 2006 оны конвенцид 2016, 2018 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай;
- 3. “Онцгой байдлын ерөнхий газарт гал унтраах тусгай зориулалтын машин нийлүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлэх Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай;
- 4. “Онцгой байдлын ерөнхий газрын агаараас аврах ангид нэмэлт сургалт явуулах төсөл”-ийг хэрэгжүүлэх Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай.
- Монгол Улсын Их Хурлын тогтоол:
- 1.Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай;
- 2.“Бүгд Найрамдах Узбекистан Улсын нийслэл Ташкент хотод Монгол Улсын Элчин сайдын яам нээн ажиллуулах тухай” Улсын Их Хурлын тогтоол;
- 3.“Зэвсэгт хүчний зэвсэг, техникийг шинэчлэх, сэргээн сайжруулах бодлогыг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоол.
Байнгын хорооноос Улсын Их Хурлын чуулганы хуралдаанаар батлуулсан хууль, тогтоолын талаар:
- 1.Монгол Улс Дэлхийн банкны олон улсын сэргээн босголт хөгжлийн банк болон олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төслийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хууль.
Энэ хуулийн хүрээнд Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын сэргээн босголт хөгжлийн банк болон олон улсын хөгжлийн ассоциацитай хамтран хэрэгжүүлэх Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төслийн зорилго нь Монгол Улсын хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлсийн нэг болж буй авто замын дэд бүтцийг сэргээн сайжруулах, улмаар манай улсын тогтвортой хөгжлийн тулгуур болох хөдөө аж ахуй, түүний дотор мал аж ахуйн бүтээгдэхүүний тээвэр логистикийн үйл ажиллагааг дэмжихэд чиглэсэн.
Уг төслийн хүрээнд нийслэл хотыг баруун бүс, зүүн бүс болон хойд бүс нутагтай холбосон улсын чанартай авто замын сүлжээн дэх нийт 361км хатуу хучилттай авто зам, 8 байршил дахь нийт 1200 метр төмөр бетон гүүрийг шинэчлэн сайжруулах, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Нутгийн зам” төслийн хүрээнд хэрэгжих зарим сумдыг аймгийн төвтэй холбох зэрэг ажлуудыг хийж хэрэгжүүлэх юм.
Энэхүү төсөл нь улсын чанартай гол авто замын сүлжээний насжилт өндөртэй, ашиглалтын бэлэн байдлын түвшний үзүүлэлт нь буурсан Улаанбаатар-Арвайхээр, Арвайхээр-Баянхонгор, Хархорум-Цэцэрлэг, Цэцэрлэг-Тосонцэнгэл, Улаанбаатар-Өндөрхаан, Өндөрхаан-Чойбалсан, Булган-Мөрөн чиглэлийн замын хэсгүүд болон тус чиглэл дагуух Хэрлэн, Орхон, Тамир, Гичгэн, Хануй, Бэлх, Лүн, Түргэн зэрэг голуудын төмөр бетон гүүрүүдийг хамаарна.
Энэхүү төсөл хэрэгжсэнээр авто замын сүлжээний аюул осолгүй, ая тухтай, үр ашигтай зорчих нөхцөл эрс дээшилж, тээврийн ашиглалтын зардал буурахаас гадна цаг хугацаа хэмнэх, цаашлаад сүлжээний эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх зэрэг ач холбогдолтой юм.
Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төслийг Дэлхийн банкны Олон улсын сэргээн босголт хөгжлийн банк банкнаас олгох 100 сая ам.доллар, олон улсын хөгжлийн ассоциациас олгох 7.3 сая зээлжих тусгай эрх буюу эрх буюу нийт 110 сая амдолларын санхүүжилтээр хэрэгжүүлэх юм.
2.Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Далайн хөдөлмөрийн тухай 2006 оны конвенцид 2016, 2018 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хууль.
Манай улс Олон улсын хөдөлмөрийн байгууллагын гишүүнээр 1968 онд элсэн орсон байна. Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Далайн хөдөлмөрийн тухай 2006 оны конвенцод 2014 онд нэгдэн орсныг, мөн энэхүү конвенцод 2014 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг 2019 онд Монгол Улсын Их Хурал тус тус соёрхон баталсан.
Швейцар улсын нийслэл Женев хотноо 2016, 2018 онуудад зохион байгуулагдсан Олон улсын хөдөлмөрийн байгууллагын бага хурлаар тус конвенцод нэмэлт, өөрчлөлт оруулсан бөгөөд оруулсан өөрчлөлтүүд нь 2019 оны 1 дүгээр сарын 8-ны өдрөөс болон 2020 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөж эхэлжээ. Одоогийн байдлаар нийт 90 гаруй улс энэхүү нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрч нэгдээд байгаа аж.
Энэхүү нэмэлт, өөрчлөлт нь далайчдын эрхийг хамгаалах үүднээс хөлөг онгоц дээрх ялгаварлал гадуурхалт болон дарамтыг багасгах, мөн далайн дээрэм болон хөлөг онгоцны эсрэг зэвсэглэсэн дээрэм тонуул гэсэн нэр томьёог шинээр тусгаж өгсөнөөс гадна дээрх нөхцөл байдлын улмаас олзлогдсон үеийн далайчны хөдөлмөрийн гэрээний зохицуулалтыг нарийвчлан тусгажээ.
Улсын Их Хурлаас Далайн хөдөлмөрийн тухай 2006 оны конвенцод 2016, 2018 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийг баталсанаар Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд бүртгэгдсэн хөлөг онгоц дээр ажиллаж буй далайчны хөдөлмөрлөх эрхийг хангах, хөлөг онгоц эзэмшигчийн зүгээс далайчинтай байгуулсан хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн хариуцлагыг өндөржүүлэх ач холбогдолтой юм.
Энэ Соёрхон батлах тухай хуулийг хэлэлцэх үеэр Далайн захиргааны газрын дарга Д.Отгонсүрэн өнөөдрийн байдлаар Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд 26 улсын 281 хөлөг бүртгэлтэй их далайд явж байгаа бөгөөд эдгээр хөлөг онгоцуудад нийтдээ 650 орчим далайчин тус байгууллагаас гэрчилгээ аван ажиллаж байгаа талаар мэдэгдэж байсан.
3.“Онцгой байдлын ерөнхий газрын агаараас аврах ангид нэмэлт сургалт явуулах төсөл”-ийг хэрэгжүүлэх санхүүгийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хэлэлцүүлэн батлуулсан.
Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хооронд 2019 онд байгуулсан “Санхүүгийн хэлэлцээр”-ийн хүрээнд “Онцгой байдлын байгууллагад Агаараас эрэн хайх, аврах анги байгуулах, нисдэг тэрэг нийлүүлэх, гал унтраах тусгай зориулалтын автомашин нийлүүлэх төсөл”-ийг амжилттай хэрэгжүүлсэн. Уг төслийн хүрээнд Онцгой байдлын ерөнхий газарт 4 нисдэг тэрэг нийлүүлэгдэж, евро стандартын симулятор, засвар үйлчилгээний төв, оффис бүхий ангартай Агаараас эрэн хайх, аврах анги шинээр байгуулагдаж нисэгч, инженер техникийн ажилтнуудыг сургаж, бэлтгэж байна.
Тус анги нь 2021 оны 01 дүгээр сарын байдлаар нийт 95 удаагийн тусгай үүргийн нислэгийг үйлдэж, ослын улмаас бэртэж гэмтсэн, газраар тээвэрлэх боломжгүй нөхцөл бүхий 134 хүний эрдэнэт амь насыг аварч, анхан шатны тусламж, үйлчилгээг шуурхай үзүүлэн, дараагийн шатны эмнэлгийн байгууллагад цаг алдалгүй хүлээлгэн өгөөд байна.
Монгол Улсын Засгийн газраас энэхүү төслийн хэрэгцээ шаардлага, ач холбогдлыг харгалзан үзээд, дараагийн шатны төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх нь зүйтэй гэж шийдвэрлэсний дагуу энэхүү хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Франц Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр “Онцгой байдлын ерөнхий газрын агаараас аврах ангид нэмэлт сургалт явуулах төсөл”-ийг хэрэгжүүлэх Санхүүгийн хэлэлцээрт хоёр улсын Сангийн сайд нар 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Парис хотноо гарын үсэг зурсан.
Энэ хэлэлцээрийн дагуу Онцгой байдлын ерөнхий газарт хэрэгжүүлэх төсөлд зориулж жилийн 0.282 хувийн хүүтэй, 20 жилийн хугацаатай, 24.7 сая евротой тэнцэх хэмжээний нэн хөнгөлөлттэй зээлийг авах юм.
Төсөл хэрэгжсэнээр Монгол Улсын Онцгой байдлын байгууллагын нисэгчид онцгой үүргийн нислэгийг өдөр, шөнийн цагт болон хүндрүүлсэн нөхцөлд бие даан гүйцэтгэх бүрэн чадвартай болохоос гадна инженер, техникийн ажилтнуудыг үргэлжлүүлэн бэлтгэж, сургах бөгөөд нисдэг тэрэгний сэлбэг хэрэгсэл нийлүүлэх, засвар үйлчилгээг хийх боломж бүрдэнэ.
4.“Онцгой байдлын ерөнхий газарт гал унтраах тусгай зориулалтын машин нийлүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлэх санхүүгийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хэлэлцүүлэн батлуулсан.
Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хооронд 2019 онд байгуулсан “Санхүүгийн хэлэлцээр”-ийн хүрээнд “Онцгой байдлын байгууллагад Агаараас эрэн хайх, аврах анги байгуулах, нисдэг тэрэг нийлүүлэх, гал унтраах тусгай зориулалтын автомашин нийлүүлэх төсөл”-ийг Онцгой байдлын ерөнхий газарт амжилттай хэрэгжүүлсэн.
Энэ төслийн хүрээнд гал унтраах тусгай зориулалт бүхий нийт 42 автомашин Онцгой байдлын ерөнхий газарт нийлүүлэгдсэн бөгөөд 2023 оны 12 дугаар сарын байдлаар 2343 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, 1699 хүний эрдэнэт амь нас, аюулгүй байдлыг ханган ажиллаж, 357.8 тэрбум төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг авран хамгаалсан байна.
Монгол Улсын Засгийн газраас энэхүү төслийн хэрэгцээ шаардлага, ач холбогдлыг харгалзан үзээд, дараагийн шатны төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх нь зүйтэй гэж шийдвэрлэсний дагуу энэхүү хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Франц Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр “Онцгой байдлын ерөнхий газарт гал унтраах тусгай зориулалтын машин нийлүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлэх Санхүүгийн хэлэлцээрт хоёр улсын Сангийн сайд нар Парис хотноо 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр гарын үсэг зурсан.
Энэхүү хэлэлцээрийн дагуу Онцгой байдлын ерөнхий газарт хэрэжүүлэх төсөлд зориулж жилийн 0.282 хувийн хүүтэй, 20 жилийн хугацаатай, 13.3 сая евротой тэнцэх хэмжээний нэн хөнгөлөлттэй зээлийг авах юм.
Төсөл хэрэгжсэнээр хэт хүйтний болон давчуу орчин нөхцөлд ажиллах чадвартай, хөөсөөр гал түймэр унтраах болон 32, 42 метр хүртэлх өндөрт ажиллах шатны 18 нэгж гал түймэр унтраах тусгай зориулалтын автомашин нийлүүлэгдэнэ. Эдгээр автомашинууд нийлүүлэгдсэнээр Онцгой байдлын байгууллагад ашиглагдаж байгаа гал түймэр унтраах автомашин, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадал нэмэгдэхээс гадна ялангуяа газрын тосны бүтээгдэхүүн хадгалах зориулалт бүхий агуулах, шатахуун түгээх станц, томоохон хэмжээний худалдааны төвд гарсан гал түймрийг түргэн шуурхай унтраах чадавх илүү сайжирна.
Байнгын хорооноос батлуулсан Улсын Их хурлын тогтоолын талаарх товч мэдээлэл:
1.“Бүгд Найрамдах Узбекистан Улсын нийслэл Ташкент хотод Монгол Улсын Элчин сайдын яам нээн ажиллуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолыг 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталсан.
Монгол Улсын Засгийн Газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 4.5.5-д “Гуравдагч хөршийн бодлогын хүрээнд түншлэлийн харилцааг өргөжүүлэн, эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлж бусад улстай харилцан ашигтай ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр идэвхтэй ажиллана.” гэж, 4.5.8-д “Улс төр, эдийн засгийн харилцааны түвшин, ач холбогдол зэргийг харгалзан дипломат төлөөлөгчийн газруудын байршил, бүтэц, орон тоог оновчтой болгоно” гэж тус тус заасны дагуу Бүгд Найрамдах Узбекистан Улсын нийслэл Ташкент хотод Монгол Улсын Элчин сайдын яам нээн ажиллуулах тухай шийдвэрийг Засгийн газраас гаргасны дагуу энэхүү тогтоолыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн байна.
Бүгд Найрамдах Узбекстан Улс нь Төв Азийн бүс нутагтаа хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн хөгжлөөрөө тэргүүлдэг, 35 сая хүн амтай, бүс нутагтаа томоохонд тооцогддог зах зах зээлтэй, 80 тэрбум долларын дотоодын нийт бүтээгдэхүүнтэй, алт, зэс, газрын хий, нефть олдворлож боловсруулдаг орон юм байна.
Түүнчлэн тус улс нь манай улсын хүнсний аюулгүй байдлыг хангах зорилтод нийцсэн эрүүл хүнсний бүтээгдэхүүний хангамжийг нэмэгдүүлэх, төрөлжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаас гадна манай үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг тухайн бүс нутагтаа таниулах, эдийн засгийн харилцааг өргөжүүлж, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, Монгол Улсаас мах, махан бүтээгдэхүүн, арьс шир, ноос ноолуурыг тухайн бүс нутгийнхаа зах зээлд нийлүүлэхэд чухал хувь нэмэр оруулах боломжтой улсын нэг гэж Засгийн газраас үзсэн байна.
Бүгд Найрамдах Узбекстан Улсын нийслэл Ташкент хотноо ажиллах манай улсын Элчин сайдын яамыг одоогийн байдлаар 3 орон тоотой ажиллуулахаар төлөвлөж байгаа бөгөөд Элчин сайдын яамыг байгуулахтай холбогдох зардлыг 2024 оны төсөвт тусгасан.
2.“Зэвсэгт хүчний зэвсэг, техникийг шинэчлэх, сэргээн сайжруулах бодлогыг батлах тухай” улсын их хурлын тогтоолыг Улсын Их Хурлын 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар баталсан.
Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2023 оны мн/04 дүгээр тогтоолоор “Зэвсэгт хүчний зэвсэг, техникийг шинэчлэх, сэргээн сайжруулах бодлогыг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулж, 2023 оны Улсын Их Хурлын намрын ээлжит чуулганаар хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлэхийг Засгийн газарт чиглэл болгосны дагуу энэхүү тогтоолыг Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн.
Зэвсэгт хүчний зэвсэг, техникийг шинэчлэх, сэргээн сайжруулах асуудлыг өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд Засгийн газрын хуралдаанаар 6 удаа хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлж байсан хэдий ч шийдвэрлэгдээгүй өнөөг хүрсэн байсан юм.
Энэ тогтоолыг Улсын Их Хурлын чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан миний бие ахалж, гишүүдэд Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат, Н.Энхболд нар ажилласан.
Тогтоолд “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд 2021-2030 онд хэрэгжүүлэх үйл ажиллагаанд заасан холбогдох хуулийн төслийг боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх, Зэвсэгт хүчний зэвсэг, техникийг шинэчлэх, сэргээн сайжруулах бодлогыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг батлах, төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд шаардагдах төсөв, зардлыг жил бүрийн улсын төсвийн төсөлд тусгах, бодлогын хэрэгжилтийн явцад хоёр жил тутам хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, Улсын Их Хуралд танилцуулж байхыг Засгийн газарт үүрэг болгосон зохицуулалтуудыг тусгалаа.
Тогтоолын хавсралтаар батлагдсан Зэвсэгт хүчний зэвсэг, техникийг шинэчлэх, сэргээн сайжруулах бодлогод тухайн бодлогын зорилго, үндэслэл, зарчмыг тусгаснаас гадна дараах зохицуулалтуудыг тусгалаа:
- нэгдүгээрт, зэвсэг, техникийн ашиглалт, хадгалалтыг технологийн горимын дагуу зохион байгуулах нөхцөлийг бүрдүүлж хэрэгжүүлэх;
- хоёрдугаарт, зэвсэг, техникт төлөвлөгөөний дагуу сэргээн сайжруулах засвар, техникийн үйлчилгээ хийх;
- гуравдугаарт, зэвсэг, техникийг худалдан авах, зээл, тусламжаар шинэчлэх;
- дөрөвдүгээрт, орчин үеийн техник, технологи, инновацыг нутагшуулах, цэргийн зарим төрлийн техник, хэрэгслийг эх орондоо үйлдвэрлэх зорилтын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхой тусгасан болно.
Түүнчлэн бодлогыг хэрэгжүүлэх санхүү, хөрөнгийн эх үүсвэрийг тодорхойлсноос гадна Улсын Их Хурал, Засгийн газар, батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, цэргийн мэргэжлийн дээд удирдлагын байгууллагаас энэ бодлогын хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээг нарийвчлан тусгалаа.
Энэхүү тогтоол нь Монгол Улсын Зэвсэгт хүчний зэвсэглэл, цэргийн техникийг шинэчлэх, сэргээн сайжруулах талаар төрөөс баримтлах бодлого, хэрэгжүүлэх үйл ажиллагааны үндсэн чиглэл, удирдлага, зохицуулалтыг тодорхойлж байгаагаас гадна Зэвсэгт хүчний хуулиар хүлээсэн үүрэгт нийцсэн, шинжлэх ухаан, техник, технологийн ололт, инновацид суурилсан өндөр бүтээмжтэй зэвсэглэл, цэргийн техникээр нөхөн хангагдах эрх зүйн таатай орчныг бүрдүүлсэн бодлогын баримт бичиг юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn