ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр БНТУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Зафер Атештай уулзлаа
2024.01.29

ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр БНТУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Зафер Атештай уулзлаа

Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр өнөөдөр Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Зафер Атешийг хүлээн авч уулзлаа.

Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам нь Бүгд Найрамдах Турк Улсын Дотоод хэргийн яам болон Хууль зүйн яамтай уламжлалт түүхэн харилцаатайг Б.Энхбаяр сайд онцоллоо.

Монгол Улс, БНТУ-ын харилцаа өргөжин хөгжихийн хэрээр хоёр орны хооронд зорчих хөдөлгөөн идэвхжиж, Турк Улсад ажиллаж амьдардаг, суралцдаг манай улсын иргэдийн тоо жил ирэх тусам нэмэгдсээр байгаа. Иймд Монгол Улс, БНТУ хоорондын хууль сахиулах байгууллагын харилцаа, хамтын ажиллагааг улам нягтруулах хэрэгцээ шаардлага үүсээд буйг Б.Энхбаяр сайд тодотголоо.

Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Зафер Атеш манай хоёр орон өнө эртнээс уламжлагдан ирсэн ах дүүгийн найрсаг харилцаа улам батжин хөгжиж байгааг уулзалтынхаа эхэнд цохон тэмдэглэлээ.

БНТУ-ын Засгийн газраас боловсролын асуудалд ихээхэн ач холбогдол өгдөг бөгөөд 2023 онд БНТУ-ын Засгийн газрын тэтгэлгээр нийт 64 монгол оюутныг бакалавр, магистр, докторын зэргээр суралцуулж байна. Тиймээс ч хууль сахиулах салбарын боловсон хүчнийг БНТУ-д урт болон богино хугацаагаар суралцуулах ажлыг дэмжиж ажиллана гэж Элчин сайд Зафер Атеш хэллээ