Э.Батшугар: Хөрөнгө оруулалтын хуулинд заавал 100 мянган долларын босго тавихгүйгээр ажлын байр бий болгох гэх мэт өөр босгууд байж болдог
Эрдэнэ Тавантолгой ХК-ийн 1072 хувьцаны ногдол ашиг тараах болон Хөрөнгө оруулалтын тухай хуулийн талаар УИХ-ын гишүүн Э.Батшугарын байр суурийг сонслоо.
УИХ-ын гишүүн Э.Батшугар:
-Мэдээж 1072 хувьцааны ногдол ашиг тараах нь зөв. Санхүүгийн менежментээ зөв хийх нь чухал. Харин өөр ангилалын хувьцаа буюу алтан хувьцаа руу шилжүүлбэл зүгээр. Алтан хувьцаа бол давуу эрхтэй учраас татварын дараах цэвэр ашгийн 20 хувийг байнга авдаг. Ийм байдал руу шилжиж байж л ард түмэн Эрдэнэс Тавантолгойгоос ашиг хүртэж чадна.
Мөн цэвэр ашгаасаа Баялагийн сан байгуулаад, өсгөж үржүүлээд өгөөжийг нь хүртэх чухал. Хойд үедээ ч энэ үр шимийг хүртээх ёстой. Эдийн засгаа ч тэлэх боломжтой. Заавал байгалийн баялаг гэхээсээ илүү Хятад Улс, Сингапур Улс, Дубай Улсууд худалдааны тэнцэл нь эерэг гардаг. Илүү гарсан мөнгөөрөө Хөрөнгө оруулалтын сан үүсгээд, түүнийгээ ирээдүй хойчдоо үлдээх концефцитай байдаг.
-Давуу эрхтэй хувьцаа болгохын тулд яах ёстой вэ. Одоо 1072 хувьцаа энгийн хувьцаа учир нөхөж ногдол ашиг авч болохгүй гээд байна л даа?
-Нөхөж ашиг ногдол авах боломжтой. Компанийн ТУЗ, удирдлага нь хуралдаад хуримтлалын ашгаасаа ногдол ашишг өгч болно. Манайд хүчин төгөлдөр хуулинд заалттай байгаа.
-Иргэдийн эзэмшиж байгаа хувьцааг 34 хувьд хүргэх боломжтой юм уу?
-Бүрэн боломжтой. 51 хувь ч болох боломжтой. Гэхдээ хэдэн хувьцаатай байхаас үл хамаараад ямар хөрөнгөтэй байгаагаа бид харах хэрэгтэй. Өнөөдрий байдлаар хувьцаагаа амилуулж чадахгүй байна. Бодитой амилуулахын тулд мөнгөөр хэмжих хөрөнгө болгох ёстой. Ингэхийн тулд IPO хийх ёстой.
Гэвч манай Хөрөнгийн бирж олон улсын хөрөнгийн биржийн жишгээр хөгжиж чадаагүй учраас бодитой үнэлэгдэхгүй. Тиймээс гадаадын Нью-Йорк, Австрали, Канад ч юм уу гадны зах зээл дээр IPO гаргах ёстой.
Жишээ нь, дэлхийн хамгийн том нүүрсний компаниудын нэг Pbody гэж америк компани байна. Жилд 300 гаруй сая тонн нүүрс олборлодог. АНУ-ын эрчим хүчний 80 хувийг дангаараа бүрдүүлдэг. Энэ компанийн хувьцаа Нью-Йоркийн бирж дээр арилжаалагдаж байна. Үүнтэй адил Эрднэс Тавантолгойн хувьцааг гадны бирж дээр арилжах боломжийг бүрдүүлэх ёстой. Ийм боломж бүрдүүлбэл, эрчим хүчний нүүрс гэдэг утгаараа өндөр үнэлгээ авах боломжтой. Ингэснээр нэгж хувьцааны үнэ тодорхой болно, цаашид үнэ нь өсөх бүрэн боломжтой. Мөн компанийн засаглал сайжирна.
-Хөрөнгө оруулалтын хууль дээр та ямар байр суурьтай байна. Газартай холбоотой заалт, хөрөнгө оруулалтын босгыг байхгүй болгосон гэх мэт нь маргана дагуулаад байна шүү дээ?
-Дэлхийн бүх улс орнууд гадны хөрөнгө оруулалтаар хөгжсөн. Монгол Улс ч социализмын үед Эрдэнэ үйлдвэрийг оросын хөрөнгө оруулалтаар барьсан, чехийн, унгарын хөрөнгө оруулалтаар манай үндсэн бүтээн байгуулалтууд боссон. Говь компаниа ч японы хөрөнгө оруулалтаар босгосон. Дарханы төмөрлөгийн үйлдвэр ч мөнгө японы тусламжаар боссон. Гадны хөрөнгө оруулалт эдийн засгийг эргэлтэнд оруулна, ажлын байр бий болгоно, мэргэжлийн ажиллах хүчнээ бэлтгэх олон талын ач холбогдолтой. Бусд улс орнуудыг харж байхад тодорхой хязгаарлалт, зохицуулалт байдаг.
Манай улс баялгийн хараал буюу голланд өвчинд автсан. Уул уурхай, нүүрснээс бүрэн хамааралтай болчихсон. 90-ээд оноос хойшхи хөрөнгө оруулалтын 80 хувь нь зөвхөн уул уурхайд орсон байна. Тиймээс бид хөрөнгө оруулалтаа солонгоруулах зайлшгүй шаардлагатай байна. Харин хөрөнгө оруулалтын босго гэдэг маргаантай л асуудал.
Заавал 100 мянган долларын босго гэхгүй өөр босготой байж болно. Тухайлбал,
Япон, Сингапур, Дубай зэрэг улсыг харахад 5-10 ажлын байр бий болгох, оффис түрээслэх ёстой гэх мэт заалтууд тусгаж өгдөг. Өнөөдрийн оруулж ирсэн хуулинд тийм заалтууд алга.
Дээрээс нь өндөр технологи, ажлын байр гэх шаардлага хэрэгтэй. Харин татварын ямар дэмжлэг өгөхдөө сургуугль, эмнэлэг зэрэг хүмүүнлэгийн чанартай хөрөнгө оруулалтуудад татварын хөнгөлөлт үзүүлэх хэрэгтэй. Мөн уул уурхайн бус хөрөнгө оруулалтыг түлхүү оруулах хэрэгтэй.