Ажлын хэсэг байгуулж, сонсгол зохион байгуулах бэлтгэл хангахаар шийдвэрлэв
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар эхлээд Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах асуудлыг хэлэлцэн, холбогдох Байнгын хорооны тогтоолын төслийг баталлаа.
Тус ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин ахалж, бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Н.Ганибал, Т.Доржханд, Ч.Ундрам нар ажиллана.
Дараа нь “Нэр дэвшигчийн сонсгол зохион байгуулах бэлтгэл хангах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа. Ц.Цэрэнпунцаг дарга төслийн талаар хуралдаанд танилцуулж, УИХ-ын гишүүн С.Чинзориг төсөлтэй холбогдуулан асуулт асууж, хариулт авсны дараа Байнгын хорооны дээрх тогтоолын төслийг батлах санал хураалт явуулав. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 83.3 хувь нь “Нэр дэвшигчийн сонсгол зохион байгуулах бэлтгэл хангах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлахыг дэмжсэн.
Энэхүү тогтоолоор Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшигчийн сонсгол зохион байгуулах бэлтгэл хангаж, нэр дэвшигчийн дэлгэрэнгүй танилцуулга болон тус албан тушаалд тавигдах нийтлэг, тусгай шаардлагыг тусгасан мэдээлэл авах маягтын загвар боловсруулахыг Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцагт даалгажээ.
Түүнчлэн хууль тогтоомжоор эрх олгогдсон этгээд Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшигчийг санал болгож, тухайн албан тушаалтан томилогдох хүртэл хугацаанд холбогдох хуульд заасны дагуу Монголбанкны Дэд ерөнхийлөгч Г.Энхтайванаар Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсэн байна.