Б.Дэлгэрсайхан: Хотын төвд дахиж өндөр барилга бариулахгүй, түгжрэл үүсгээд байна
2024.01.18

Б.Дэлгэрсайхан: Хотын төвд дахиж өндөр барилга бариулахгүй, түгжрэл үүсгээд байна

УИХ-ын намрын чуулган өнөөдөр хаалтын хуралдаанаа хийж буй. Энэ үеэр Түгжрэлийн сайд Б.Дэлгэрсайхан мэдээлэл өглөө.

Тэрбээр, "Үргэлжилж буй дугаарын хязгаарлалтыг зогсооно. Удахгүй оюутан, сурагчдын хичээл ч эхлэх гэж байна. Үүнтэй зэрэгцээд цагаан сар удахгүй болох гэж байгаа. Тиймээс ард иргэд цагаан сардаа бэлдэг. Тэгэхгүй бол ахуй амьдрал нь ч хэцүүдлээ" гэв.

Мөн хотын төв хэсэгт дахиж өндөр барилга байшин барихгүй байх хуулийн төсөл өргөн баригдаж байгаа. Ингэснээр бөөгнөрөл үүсэхгүй бөгөөд иргэдийн ая тухтай байдалд ч сайн нөлөөтэй. Тиймээс яригдаад байгаа Сэлбэ дэд төвийн барилгуудыг дандаа зургаан давхар байхаар шийдсэн гэдгийг онцлов.

Түүний хувьд өнөөдөр анхаарал татахуйц дахин нэг мэдээлэл хийсэн нь автобусны жолооч нарын цалингийн асуудал байв. Тэрбээр, "Автобусны жолооч нар санаа зовох зүйлгүй болсон. Өмнө нь жолооч нарыг 1000 долларын цалинтай болгоно гэж хэлж байсан. Нийслэлийн Засаг дарга бид хоёр цалин дээр тохиролцсон байсан учраас би ийнхүү зарласан. Өөрөөр хэлбэл, автобусны жолооч нар 3.4 сая төгрөгийн цалин авна.

Тэд тамхи татахгүй, шүлсээ хаяхгүй, гар утсаараа ярихгүй, хянана. Цаашлаад жолооч цагаан бээлийтэй, малгайтай байх зэргээр жигд байдлаар хувцаслана. Ингээд микрофоноор зорчигчдод буудлыг зарлан хэлэх, багтахгүй бол дараагийн автобусыг хүлээхийг зөвлөх зэргээр ажиллана. Соёлтой харилцаанд сургах ажил ч хийж байгаа" гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ