Х.Булгантуяа: Дөрөвдүгээр сарын 01-ээс тэтгэврийг 100 мянган төгрөгөөр нэмнэ
ХНХ-ын сайд Х.Булгантуяа НДЕГ-аас хэрэгжүүлж буй Нийгмийн даатгалын багц хуулийн талаар мэдээлэл хийж байна.
Тэрбээр "Нийгмийн даатгалын шимтгэлийн хуулийг шинэчлэхээр 2005 оноос хойш өргөн мэдүүлж өнгөрсөн жил баталлаа. Энэ хуулийг баталснаар тэтгэврийн даатгалын тогтолцоог хуваарилалтаас хагас хуримтлалын тогтолцоо руу шилжүүлж байна. Өнөөдөр нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаа иргэдийн шимтгэлийн 17 хувь нь тэтгэврийн санд хуримтлагдаж ахмадын тэтгэвэр болдог. Энэ 17 хувиас 2 хувийг нь мөнгөжүүлж гэр бүлийнхэнд нь өвлүүлдэг болно. Давхардсан тоогоор 1.3 сая иргэн нийгмийн даатгалын шимтгэл төлж байна.
2024 онд 500 орчим мянга нь тэтгэвэр авч байна. Ахмад настны тоо манай хүн амын 10 орчим хувийг эзэлж байна. 25 жилийн дараа энэ тоо хоёрд дахин нэмэгдэнэ. Ажил хийж байгаа хүмүүсийн тоо энэ тооноос бага байгаа учраас бид хуримтлалын тогтолцоо руу шилжүүлж байна. Тэтгэврийн сангаас 10 жил ажиллаж байж хувь тэнцүүлсэн, 20 жил ажиллаж байж бүрэн тэтгэвэр авдаг. Мөн тэтгэврийг өвлүүлдэг тогтолцоог нэвтрүүлж байна. Түүнчлэн улсын тэтгэврийн сангаас гадна хувийн тэтгэврийн сангаас тэтгэвэр авдаг байх хуулийн төслийг бүрдүүлэхээр ажиллаж байна. 2023 онд бид төрийн алба хаагчийн олон тогтолцоотой сайжруулсан. Өмнө нь салбарын сайд нь салбарынхаа ажилчдын цалинг нэмчихдэг байсан бол үүнийг нэг мөр болгосон. Тэтгэврийн сонгуулийн өмнө биш инфляцтай уялдуулан нэмэх, тэтгэврийн зөрүү үүсгэхгүй байх, нийгмийн даатгалын засаглалыг сайжруулах хуулийн зохицуулалт хийсэн. 2024 оны дөрөвдүгээр сарын 1-нээс тэтгэврийг 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлнэ. Хуулийн шинэчлэлээр тэтгэврийн нөхөн төлөлтийг хориглосон. Тэгэхгүй бол шударгаар төлж байгаа нэг нь дундын санд хийгээд зардал нэмэгдэж байна" гэлээ.