ХНХЯ: Канад Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Сандра Чуфанийг хүлээн авч уулзлаа
2023.12.14

ХНХЯ: Канад Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Сандра Чуфанийг хүлээн авч уулзлаа

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа Канад Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Сандра Чуфанийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцож, нийгмийн хамгааллын хэлэлцээр, ахмад настны тусламж үйлчилгээг сайжруулах талаар санал солилцсон.

Канад Улсад оршин суугаа Монгол Улсын иргэдийн нийгмийн хамгааллын эрх ашгийг хамгаалах зорилгоор “Нийгмийн хамгааллын хэлэлцээр” байгуулах саналыг Гадаад харилцааны яамаар дамжуулан 2020 онд илэрхийлж байсан. Үүний дагуу канадын талаас манай улсын нийгмийн даатгалын талаарх мэдээллийг боловсруулж, ирүүлэхийг хүссэний дагуу манай зүгээс холбогдох мэдээллийг хүргүүлсэн бөгөөд хариуг хүлээж байна. Хэлэлцээр байгуулах асуудлаар тантай илүү өргөн хүрээнд нягт хамтран ажиллах саналтай байна гэдгээ Х.Булгантуяа сайд илэрхийллээ. .

Мөн ахмад настны урт хугацааны тусламж үйлчилгээг Монгол Улсад нэвтрүүлэх, тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, тэдэнд эрүүл мэндийн болон нийгмийн хамгааллын тусламж үйлчилгээ үзүүлдэг байгууллагууд болон хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, ахмадын асуудлаарх хууль, эрх зүйн орчныг сайжруулах, үйлчилгээний олон улсын сайн туршлагыг нэвтрүүлж, Идэвхтэй насжилтын загварыг боловсруулж, нэгдсэн тогтолцоог бүрдүүлж, салбар дундын уялдаа холбоог хангах чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн.