Социал демократ Монголын эмэгтэйчүүдийн холбооны нийслэл, дүүргийн бүсийн чуулган эхэллээ
2023.12.08

Социал демократ Монголын эмэгтэйчүүдийн холбооны нийслэл, дүүргийн бүсийн чуулган эхэллээ

Социал демократ Монголын эмэгтэйчүүдийн холбоо зүүн болон говийн, төвийн, баруун бүсийн чуулганаа орон нутагт амжилттай зохион байгуулсан билээ. Тэгвэл өнөөдөр нийслэл, дүүргийн бүсийн чуулганыг зохион байгуулж байна. Чуулганд нийслэлийн есөн дүүргийн СДМЭХ-ны салбар зөвлөлийн гишүүд, Бага хурлын гишүүд болон уригдсан зочид төлөөлөгчид нийтдээ 600 орчим эмэгтэй оролцож байна.

Нийгэмд шударга ёс тогтоож, хамгийн эерэг, зөв шийдвэр гаргахад эмэгтэйчүүд илүү мэдрэмжтэй ханддаг. Тэр утгаараа дэлхийн олон улс шийдвэр гаргах, бодлого боловсруулах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх болсон. СДМЭХ нь эмэгтэйчүүдийн асуудлыг ширээний ард сууж ярих бус тухайн нутагт нь очиж аливаа асуудлыг ил тавьж олноороо хэлэлцэн шийдвэрлэдэг. Орон нутагт эмэгтэйчүүдийн хөдөлмөрлөх, сурч боловсрох, нийгмийн асуудал болон шийдвэр гаргах түвшинд оролцоход хязгаарлагдмал байна гэдэг. Тиймээс энэхүү ээлжит чуулганыг зохион байгуулж цаашид хэрхэн ажиллах тухай гарц, шийдэл хайж байгаа аж. Чуулганд нийслэлийн СДМЭХ-ны дарга Б.Саранчимэг оролцогчдод хандан мэндчилгээ дэвшүүлсэн юм. 

Чуулганыг нээж УИХ, Засгийн газрын гишүүн, СДМЭХ-ны ерөнхийлөгч М.Булгантуяа үг хэлэхдээ “2023 он бидний хувьд ажил үйлс, амжилт бүтээлээр дүүрэн жил байлаа. Бид ээлжит бус их хурлаа хийж, шинэ бүтэц бүрэлдэхүүнээ сонголоо. Нэрээ шинэчилж, социал демократ үзэл баримтлалаа тунхагласан. СДМЭХ-ны мянга мянган гишүүнийнхээ итгэл сэтгэлийг даах, чадвартай, зүтгэлтэй удирдлагын багаар эгнээгээ бэхжүүллээ. УИХ дахь  эмэгтэй гишүүд болон тус холбооны Удирдах зөвлөл, Ажлын албаны хамт олон идэвх санаачилгатай ажиллаж, орон нутаг дахь салбар холбоо, зөвлөлийн үйл ажиллагаа эрчимжлээ. Бүх аймаг, дүүрэг тайлангаа тавьж шилдэг СДМЭХ-н салбар зөвлөлөө шалгарууллаа. 21 аймгийн СДМЭХ-н тэргүүлэгчид, гишүүдийн оролцоог хангасан бүсийн чуулганыг есдүгээр сард зохион байгуулж нийт 1300 орчим эмэгтэйг хамруулж чадлаа. Улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоо, манлайллыг  нэмэгдүүлэх хууль эрх зүйн орчны шинэчлэл биеллээ олж Нийгмийн даатгалын багц хууль, боловсролын ерөнхий хуульд эмэгтэйчүүдийн амьдралын чанарыг  сайжруулах чухал заалтуудыг тусгаж хөгжлийн алхмуудыг эхлүүлсэн” хэмээн ярилаа.  

Харин ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан энэхүү чуулганд оролцох үг хэлэхдээ “Парламентын гишүүдийн 30-аас доошгүй хувь нь эмэгтэй байх боломжийг нээж өглөө. Дэлхийн дундаж нь 26 байдаг юм. Бидний манлайлсан үр дүнгээр эмэгтэйчүүдийн оролцоо бодитой болж эхэллээ гэж харах ёстой. XX зуун бол жендэрийн эрх тэгш байдал, хүний эрхийг хангаж, хамгаалан, зөрчигдсөн эрхийг сэргээж чаддаг зуун байх ёстой. Өөрчлөлт, шинэчлэлтийг хэрэгжүүлж амилуулах нь эмэгтэйчүүд та бүхний үүрэг билээ” гэсэн юм. .

Чуулганы үеэр СДМЭХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга М.Мандхай “Манай холбоо энэ жил бүсийн чуулганаа зохион байгуулж байна. Орон нутаг, нийслэлийн 2000 гишүүнийг хамруулж байгаа юм. Чуулган маань Засгийн газрын “Алсын хараа-2050”, “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг түгээн дэлгэрүүлэх, гишүүдээ мэдлэгээр хангах, холбооныхоо гишүүдийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, туршлага солилцох, шийдвэр гаргах түвшний эмэгтэйчүүдийг олноор бий болгох, тэднийг чадавхжуулах үндсэн зорилготой юм. МАН-ын дарга, манай ерөнхий нарийн бичгийн манлайллаар 2024 онд эмэгтэйчүүдийн УИХ дахь эмэгтэй гишүүдийн квотыг 30 хувьд хүргэлээ. 2028 онд 40 хувь байхаар шинэчлэл хийснээр  шийдвэр гаргах түвшинд бэлтгэгдэж байгаа эмэгтэйчүүдийн хувьд маш сайхан нөхцөл бий болж байна гэж үзэж байна. Үүгээр дамжуулан 40 хувьд хүргэхийн тулд манлайлах, ур чадвар өндөртэй, бодлогын түвшинд шийдвэр гаргаж чаддаг, нийгэмд хэрэгтэй сэдвээр дуу хоолойгоо өргөх чадвартай эмэгтэйчүүдийн нэмэгдүүлэхийн төлөө хамтын ажиллагаагаа бэхлүүлэхийн тулд ажиллаж байна” гэв.  

Дашрамд дурдахад, Социал демократ Монголын эмэгтэйчүүдийн холбоог анх 1994 оны арваннэгдүгээр сарын 4-нд “Эмэгтэйчүүд-Хөгжил” хөдөлгөөн нэртэйгээр байгуулж байсан юм. Анхны тэргүүнээр нь Д.Алтай, ерөнхий нарийн бичгийн даргаар нь Ч.Үржмаа нар ажилласан түүхтэй. Тэгвэл 2024 онд тус холбооны 30 жилийн ой тохиож байгаа ажээ. СДМЭХ нь 21 аймаг, есөн дүүрэгт салбар холбоодтой, 98 мянга гаруй гишүүнийг эгнээндээ нэгтгэсэн нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага. Нийт гишүүдийн 40 гаруй мянга нь нийслэл улаанбаатар хотын есөн дүүрэгт амьдардаг байна.