Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн нийгэмд эзлэх байр суурийг нэмэгдүүлэх, олон улсын хамтарсан семинарт оролцов
Бээжин хотноо зохион байгуулагдсан Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн нийгэмд эзлэх байр суурийг нэмэгдүүлэх арга замыг хамтдаа судлах, хүртээмжтэй мэдээлэл түгээх, харилцан туршлага солилцох олон улсын хамтарсан семинарт оролцлоо.
Хурлыг ЮНЕСКО, БНХАУ-ын Харилцаа холбооны их сургууль хамтран зохион байгуулж Хятад, Франц, Монгол, Индонезийн албаны хүмүүс, эрдэмтэд оролцсон юм.
Семинарын үеэр хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй холбоотой дэлхий нийтийн ойлголт, хандлагын талаар, мөн мэдээллийн тэгш хүртээмжтэй байдлыг бий болгоход идэвхтэй ажиллаж буй БНХАУ-ын туршлага илтгэлүүд анхаарал татаж байв. Манай улсын хувьд хүн амын 3.3 хувийг эзэлдэг хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ зориулагдсан хууль тогтоомжуудыг баталснаар олон ажлуудыг хийж буйг танилцуулсан.
Индонез улсын хувьд мэдээллийн дата санг бий болгосноор гэрээсээ гарч чаддаггүй байсан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг орхигдуулалгүйгээр төрийн үйлчилгээ, дэмжлэгүүдэд хамруулж, олон нийтийн ажилд оролцох боломжийг нь бий болгож өгсөн сайн туршлагыг хуваалцав.
ЮНЕСКО-гийн Зүүн Азийн бүсийн албаны захирал, профессор Шахбаз Хан, Хятадын Хүний эрхийн хөгжлийн сангийн дэд захирал, ерөнхий нарийн бичгийн дарга Зуо Фэн, мөн Хятад улсын Мэдээлэл, харилцаа холбооны хүртээмжийн судалгааны хүрээлэнгийн хүндэт ерөнхийлөгч, профессор Ляо Сяньжон нар оролцож, үг хэлсэн. Профессор Шахбаз Хан видео илтгэлдээ ЮНЕСКО бүх нийтийг мэдээлэл авах боломжийг нь юуны өмнө чухалчилдаг талаар үг хэллээ. Тодруулбал, цахим эрин үед хүн бүхэн тэгш байдлаар мэдээлэл хүлээн авах эрхийг хангах тал дээр улс орнууд эрх баригчид их зүйл хийх хэрэгтэйг онцолсон юм.
БНХАУ-ын Харилцаа холбооны их сургууль болон ЮНЕСКО-гийн хамтран зохион байгуулсан энэхүү семинар цаашид жил бүр зохион байгуулагдах юм байна. Ирэх 2024 онд CUC-UNESCO-гийн "Хүртээмжтэй мэдээлэл харилцаа, цахим бичиг үсгийн чуулган" сэдвийн хүрээнд болно.
Ташрамд өгүүлэхэд, 2017 оны сүүлээр CUC багш, оюутны сайн дурынхан, Beijing Gehua CATV Network болон Dongfang Jiaying Телевизийн Кино Медиа Co Ltd хамтран харааны бэрхшээлтэй хүмүүст зориулагдсан зөвхөн дуу хоолойгоор дүрслэгдсэн уран сайхны кино бүтээх төслийг хэрэгжүүлсэн нь Хятад даяар 17,000,000 гаруй харааны бэрхшээлтэй хүмүүст хүрчээ.