Тусгай хэрэгцээт сургуулиудын тулгамдсан асуудлыг сонсож, үйл ажиллагааатай нь танилцав
2023.10.11

Тусгай хэрэгцээт сургуулиудын тулгамдсан асуудлыг сонсож, үйл ажиллагааатай нь танилцав

Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа зарим тусгай сургууль, цэцэрлэгт ажиллалаа.

29 дүгээр сургуулийн 640 хүүхдийн суудалтай сургуулийн байранд 273 хүүхэд хичээллэж байна. Сурагчдын дийлэнх нь ажлын 5 өдөр сургуулийнхаа дотуур байранд байрладаг. Дотуур байр болон сургуулийн дээврийг засварлахаар шийдвэрлэлээ. Цэцэрлэгт явж байгаад тусгай сургуульд элссэн хүүхдүүдтэй ажиллахад хялбар байдаг талаар багш нар хэллээ.

116 дугаар сургуулийн тухайд харааны бэрхшээлтэй 130 хүүхэд суралцаж байна. Сургуулийнхаа дээд давхрыг дотуур байрны хэлбэрээр ашигладаг. Энд 54 хүүхэд амьдарч байна. Технологийн дэвшлийг хичээл сургалтад ашиглах шаардлагатай. Тиймээс брайль дисплейгээр хангаж өгөхийг хүслээ.

25 дугаар сургуульд ажиллах үеэр 63, 70, 55 дугаар сургуулийн удирдлагатай хамтарсан уулзалтыг зохион байгууллаа. Оюуны бэрхшээлтэй хүүхэдтэй ажилладаг багш нарын тухайд гүйцэтгэлийн үнэлгээний аргачлалыг дахин шинэчлэх талаар саналууд хэлсэн.
Энэ сургуулиудаас энгийн сургууль руу хүүхэд шилждэг боловч эргээд ирдэг тохиолдол олон байдаг. Сүүлийн жилүүдэд хавсарсан бэрхшээлтэй хүүхдийн тоо нэмэгдэж байгааг сургууль бүрийн удирдлага хэлж байна.

Дээрх сургуулиудын тухайд нийтлэг хэд хэдэн асуудлыг хөндөж байна.

  • Багш болон багшийн туслахын хүрэлцээг сайжруулах. Туслах багшийн орон тоо, цалин байгаа боловч хүн ирдэггүй байна.
  • Нэг хичээлийн үргэлжлэх цагийг шинэчлэх
  • Бүлэг дүүргэлтийг багасгаж, стандартыг шинэчлэх,
  • Тусгай сургуулиудад түшиглэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах энгийн сургуулийн багш нарыг чадавхжуулах,
  • Хүнд хэлбэрийн бэрхшээлтэй буюу 100 хувь хараагүй, сонсголгүй, оюуны бэрхшээл нь хүнд хүүхдүүдийг ялангуяа бага ангид нь тусгай сургуульд хамруулах зэрэг асуудлуудыг хөндөж, харилцан ярилцлаа.
  • Ойрын үед бусад сургуулиудаар орж ажиллана.

Мөн тусгай сургуульд ажилладаг багш нарын нэгдсэн уулзалтыг зохион байгуулна.