"Гэрээсээ гарцгаая аян"-ы эхний үр дүн гарч Багшийн дээдийн нүхэн гарцыг ХБИ-нд хүртээмжтэй байдлаар засварлахаар болов
2025.06.19

"Гэрээсээ гарцгаая аян"-ы эхний үр дүн гарч Багшийн дээдийн нүхэн гарцыг ХБИ-нд хүртээмжтэй байдлаар засварлахаар болов

УИХ-ын гишүүн О.Саранчулуун ГЭРЭЭСЭЭ ГАРЦГААЯ аяныг санаачилж, 2025 оны зургадугаар сарын 17-ны өдөр албан ёсоор эхлүүллээ.

Нээлтийн хүрээнд УИХ-ын гишүүн Ж.Баясгалан, Хотын дарга Х.Нямбаатар болон холбогдох мэргэжлийн хүмүүс, Тэргэнцэртэй иргэдийн төлөөллийн хамтаар хотын зарим хэсгээр явж хүртээмжийн асуудал бодит нөхцөл байдалтай танилцлаа. 

Тус аяныг санаачлагч О.Саранчулуун гишүүн хэлэхдээ “Гэрээсээ гарцгаая” аяны хүрээнд эхний ээлжид нутгийн удирдлагын байгууллагуудын оролцоог сайжруулахын тулд 32 шалгуур үзүүлэлт бүхий 13 бүлэг төлөвлөгөөг тусгасан ном боловсруулсан. Энэхүү төлөвлөгөөг нутгийн удирдлагын байгууллагын Засаг дарга нарын эрх, үүргийн хүрээнд хэрэгжүүлж чадвал гурван жилийн дараа гэхэд Монгол Улс олон улсын хүний эрхийн хорооноос гаргадаг НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцын хэрэгжилтийг 80 хувиар нэмэгдүүлэх боломжтой”-г онцлов.

Хотын дарга Х.Нямбаатар Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн орчны хүртээмжийг сайжруулахад дутагдалтай зүйлс нэлээд ажиглагдлаа. Багшийн дээдийн нүхэн гарцаар тэргэнцэртэй иргэн зорчиход хүндрэлтэй байна. Зарим хэсэгт явган хүний зам болон авто замын огтлолцол нь өндөр, намын зөрүүтэйгээс зорчиход саад учруулж байна хэмээн бодлоо хуваалцаж байв. 

Мөн нийслэлийн зүгээс одоогийн бодлого, төлөвлөлттэйгөө эдгээр ажлыг уялдуулж явган хүний замыг нэг стандарттай болгох, үйлчилгээний газруудын орц, гарцыг чанаржуулахад анхаарна. Мөн нийслэлийн Нийтийн тээврийн бодлогын газарт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хүндрэл, саадгүй зорчуулахад чиглэл өгөөд зогсохгүй хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоодтой хамтарч жолооч нарыг сургалтад хамруулна. Бид эхний ээлжид хөгжлийн бэрхшээлтэй иргэнд ээлтэйгээр Багшийн дээдийн нүхэн гарцыг иж бүрэн шинэчлэх" болно гэв.

ҮР ДҮН:

1. Хотын дарга Х.Нямбаатар Ерөнхий архитектур Ч.Төгсдэлгэр, Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр нарт холбогдох дэд бүтцийн стандартыг мөрдлөг болгож барилга, зам, олон нийтийн эзэмшил газруудын бүтээн байгуулалтын зураг төслийг боловсруулах, хүлээн авахдаа хяналт тавьж ажиллахыг үүрэг болгов.

2. Багшийн дээдийн нүхэн гарц тэргэнцэртэй хүн зорчих ямар ч боломжгүй байна. Үүнийг энэ жилдээ багтаан хөгжлийн бэрхшээлтэй иргэнд хүртээмжтэй болгож засварлахаа амлав.