Дархан-Уул аймагт хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв нээгдлээ
Азийн хөгжлийн банкны зээлийн санхүүжилтээр “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах, үйлчилгээг сайжруулах төсөл”-ийн хүрээнд баригдсан Дархан-Уул аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн үйл ажиллагааг нээлээ.
Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ, Засгийн газрын гишүүд, холбогдох яамд, агентлагийн албан тушаалтнууд, аймаг орон нутгийн удирдлагууд, төрийн бус байгууллагууд, иргэд, хүүхдүүдийн төлөөлөл оролцлоо.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ орон нутагт томилолтоор ажиллах үедээ хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ урам зориг өгөх зорилгоор энэ төвийн нээлтэд биечлэн оролцож байгаагаа онцлон хэлсэн.
Монгол Улсад 115 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй хүн байгаагийн 67 хувь нь хөдөө, орон нутагт амьдарч байгаа бөгөөд төвийн бүсэд 22.3 мянга орчим, үүнээс Дархан-Уул аймагт 5200 гаруй нь аж төрж байна.
Хөгжлийн бэрхшээлтэй хүнд төрийн үйлчилгээг тухайн орон нутагт нь үзүүлэх нөхцөл боломжийг бүрдүүлэхэд чиглэсэн түгээмэл загвар бүхий энэхүү төвийн барилга, тавилга, техник, тоног төхөөрөмжийн хамт хүний нөөцийг нь сурган мэргэшүүлэхэд Дархан-Уул аймагт нийт таван тэрбум дөрвөн зуун тавь гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн.
Төвийн нээлтэд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг төлөөлж Дархан-Уул аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын мэргэжилтэн Ч.Пүрэвхүү сэтгэгдлээ хуваалцсан бөгөөд хөгжлийн бэршээлтэй иргэд өөрт хэрэгтэй үйлчилгээгээ орон нутагтаа авах боломжтой болсонд баяртай байгаагаа илэрхийллээ.