ХНХЯ: Ахмадын тусламж үйлчилгээг сайжруулах талаар Канадын Элчин сайдтай санал солилцлоо
2023.12.14

ХНХЯ: Ахмадын тусламж үйлчилгээг сайжруулах талаар Канадын Элчин сайдтай санал солилцлоо

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа Канад Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Сандра Шуфанийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр сайд Х.Булгантуяа Канад Улсад оршин суугаа Монгол Улсын иргэдийн нийгмийн хамгааллын эрх ашгийг хамгаалах зорилгоор “Нийгмийн хамгааллын хэлэлцээр” байгуулах саналыг ГХЯ-аар дамжуулан 2020 онд илэрхийлж байсныг хэллээ.

Үүний дагуу Канадын талаас Монгол Улсын нийгмийн даатгалын талаарх мэдээллийг боловсруулж, ирүүлэхийг хүссэний дагуу манай зүгээс холбогдох мэдээллийг хүргүүлсэн бөгөөд хариуг хүлээж байна гэв. Хэлэлцээр байгуулах талаар Элчин сайд тантай илүү өргөн хүрээнд нягт хамтран ажиллах саналтай байна гэдгээ тэрбээр илэрхийлэв.

Уулзалтаар хоёр улсын нийгмийн хамгааллын салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцож, нийгмийн хамгааллын хэлэлцээр, ахмад настны тусламж үйлчилгээг сайжруулах талаар ярилцлаа.

Тодруулбал, ахмад настны урт хугацааны тусламж үйлчилгээг Монгол Улсад нэвтрүүлж, Идэвхтэй насжилтын загварыг боловсруулж, энэ талын нэгдсэн тогтолцоог бүрдүүлж, салбар дундын уялдаа холбоог хангах чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ