УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан мэндчилгээ дэвшүүллээ
Монгол эх орны уудам сайхан нутагт, өргөн дэлхийн өнцөг булан бүрд амьдарч, ажиллаж, сурч хөдөлмөрлөж байгаа элэг нэгт та бүхэндээ шинэ жилийн баярын мэндийг өргөн дэвшүүлье.
Нийслэл Улаанбаатар хот шинэ үндсэн хуулиар парламентын түүхэнд анх удаа УИХ-аар Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн Түр хороотой боллоо. Түр хороог миний бие ахалж, Улаанбаатар хотоос сонгогдсон УИХ-ын гишүүд нам харгалзалгүй нэгдэж, хамтран ажиллаж байна.
Энэ хүрээнд Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчлэн батлуулж Улаанбаатар хотын иргэний төлсөн татвар хотын хөгжилд зарцуулагддаг, хот өөрөө бие дааж хөгжих үүд хаалгыг нээж өгсөн. Үүний үр дүнд өнөөдөр нийтийн тээврийн Парк шинэчлэлтийн ажил өрнөж, үлгэр домог мэт яригддаг метроны асуудал улс төрчдийн ам дамжиж цаасан дээр үлддэг байдал ард үлдэж хөрсөн дээрээ буусан бодит ажил болж эхлээд байна.
2009 онд анх батлагдаж байсан Шүүхийн шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын ажлын хэсгийг миний бие ахалж 2023.01.01-ээс хууль албан ёсоор хэрэгжиж эхэллээ. Ингэснээр хохирогчийн сэтгэл санааны хохирлыг тооцох аргачлалыг нэвтрүүлж, шүүх шинжилгээний байгууллагын хараат бус байдлыг бэхжүүлж, хуульчилж өгч чадлаа.
Эрхэм хүндэт Баянзүрхчүүд ээ.
Миний бие 2020 онд УИХ-ын гишүүнээр сонгогдсон цагаасаа хойш ДЭМЖЬЕ санаачилгыг гаргаж, Баянзүрх дүүргээс сонгогдсон бусад гишүүд, шат шатны төлөөлөгч, удирдлагуудтай хамт салбар бүрийг дэмжиж, Баянзүрх дүүргээ хөгжүүлэх нэг зорилго дор, нэг зүгт харж хичээн ажиллаж байна. Үүний үр дүнд
- Баянзүрх дүүрэгт 2020-2023 онд 50 байршилд 47км автозамын ажил хийгдлээ
- Баянзүрх дүүргийн хороо бүрд 3х3 сагсан бөмбөгийн талбайг тохижууллаа
- Баянзүрх дүүргийн 2,21,27,29-р хороонд "Дарь эх гэрэлт цогцолбор"-ын ажлыг эхлүүллээ
- Баянзүрх дүүргийн 11,20,23,28-р хороонд "Экстрем спортын талбай", "Олон улсын эко цэцэрлэгт хүрээлэн"-гийн ажлуудыг эхлүүллээ
- Баянзүрх дүүрэг 2020 онд 65% гэрэлтүүлэгтэй байсан бол 2023 онд 85% боллоо. 2024 онд 100% болж, суурин бүс харанхуй гудамгүй болно
- Эрчим хүчний сэргэлтийн хүрээнд Амгалан ДЦС-ын өргөтгөл эхэллээ
- Нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж иргэндээ ээлтэй орчныг бүрдүүллээ
- Баянзүрх дүүрэг аль нам засаглахаас үл хамаарч 2030 он хүртэл дүүргээ хөгжүүлэх хөгжлийн зураглалаа тодорхойлж, бодлогын баримт бичгээ боловсрууллаа гэх мэт өнгөрсөн хугацаанд дурдаад байвал дуусахгүй их олон ажлыг шат шатандаа хамтран ажилласны үр дүнд бид хийж чаджээ.
Эрхэм хүндэт Баянзүрхчүүд ээ.
2024 он бол хөгжил дэвшлийн зааг дээр зогсож буй Баянзүрх дүүрэг урагшлах, ухрахаа сонгож, амжилтаа бататгаж чадсан, иргэн бүр сэтгэл тэнүүн, хүүхэд бүр аз жаргалтай жил байна гэдэгт итгэлтэй байна.
Айлчлан ирж буй 2024 ондоо элгээрээ энх амгалан, төрлөөрөө төвшин амгалан байхын өлзийтэй сайхан ерөөлийг өөд өөд нь өргөн дэвшүүлье.
Хүндэтгэсэн
УИХ-ын гишүүн, Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн Түр хороон дарга, Баянзүрх дүүргийн МАН-ын хорооны дарга
Энхтайваны БАТ-АМГАЛАН
Сэтгүүлч
Сэтгүүлч Б.Хонгорсайхан