ДАХИН ТӨЛӨВЛӨЛТӨД ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ ХЭРЭГТЭЙ
Хүн амын 60-аас илүү хувь нь гэр хорооллын бүсэд амьдардаг Улаанбаатар хотын хувьд ус, агаар мэт хэрэгцээтэй зүйл бол гэр хорооллыг дахин төлөвлөж, орон сууцжуулах ажил. Манай улсын хувьд 2011 оноос эхлэн гэр хорооллыг орон сууцжуулах ажлыг эхлүүлсэн. Тус хугацаанд нийтдээ 15 мянга гаруй айлын орон сууцыг төслийн хүрээнд ашиглалтад оруулжээ. Энэ нь жилд дунджаар 1500 айл орон сууцтай болж байсан гэсэн үг. Тэгвэл энэ жилээс гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг эрчимжүүлэн, 4500-6000 айлыг орон сууцжуулахаар төлөвлөөд байна. Гэвч дахин төлөвлөлтийн ажлыг удаашруулж, иргэдийг хохироох, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй хариуцлагагүй компаниудаас үүдэн сүүлийн жилүүдэд нийслэлийн гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил удааширч, зарим барилгын ажил зогсонги байдалд орсон.
Орон байртай байх эрх нь хүний амьдралын суурь материаллаг хэрэгцээг хангаж байдаг. Баянзүрх дүүргийн 13, 14-р хороонд хэрэгжиж буй дахин төлөвлөлтийн бүтээн байгуулалт. Олон иргэдийн газрыг байраар солихоор авсан ч хариуцлагагүй барилгын компаниудын уршигаар иргэд ихээр хохирсоор байна. Баянзүрх дүүргийн дээрх 2 хороонд хийгдэж буй дахин төлөвлөлтийн өнөөгийн байдлын талаар тус хороодоос БЗД-ийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон Д.Батцэнгэлтэй ярилцлаа.
Хохирсон иргэдийн гомдол, санал Д.Батцэнгэл төлөөлөгчид хэдэн зуугаараа ирсэн бөгөөд тэрээр өөрт олгогдсон эрх, НИТХ-ын дүүргээ хариуцсан төлөөлөгчтэй хамтран БЗД-ийн 13, 14-р хороонд хийгдэж байгаа дахин төлөвлөлтийн барилгын гүйцэтгэгч нартай уулзаж эхнээс нь шийдвэрлэх талаар харилцан ярилцаж байна.
Миний бие Баянзүрх дүүргийн 13, 14, 42-р хороо буюу Чулуун-Овооноос Намьянжүгийн гудамж, Зүүн дөрвөн замаас Офицеруудын ордон хүртэлх хэсгийн төв замынхаа урд талын хэсгийг хамруулан ойлгож болох бөгөөд эртнээс “Алтан тэвшийн хөндий” гэгддэг энэ газраас төлөөлөгчөөр сонгогдсон. Эдгээр хороод маань 11790 өрхийн 44490 хүн амтай. Цар тахлын хөл хориотой үед хороодоороо хангалттай ажиллаж чадаагүй ч өнгөрсөн 2 жилийн хугацаанд дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид шуурхай ажиллаж байна. Ялангуяа 13, 14-р хороонд хийгдэж байгаа дахин төлөвлөлтийн ажлыг урагшлуулах, бүтээн байгуулалт хийж буй компаниудтай уулзаж, иргэдийн гомдол саналын дагуу шаардлага хүргүүлсэн. Ингэхдээ Баянзүрх дүүргээс Нийслэлийн ИТХ-д сонгогдсон Ү.Оюунзул, Д.Энхбаяр төлөөлөгчдийн хамт дахин төлөвлөлттэй холбоотой иргэд, аж ахуй нэгжүүдийн хооронд үүссэн асуудлыг шийдвэрлэхийг зорин ажиллаж байна.
“АЛТАН ТЭВШИЙН ХӨНДИЙ”-д амьдрах орчин таагүй байна
Өнгөрсөн хугацаанд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэхээр ажлаа эхэлсэн ч санхүүгийн хүндрэлээс шалтгаалан хугацаандаа ажлаа дуусгах боломжгүй болсон аж ахуйн нэгжүүд ч цөөнгүй байна. Мөн гэр хорооллын дахин төлөвлөлтөд ихэвчлэн орлогын эх үүсвэр багатай, эмзэг бүлгийн иргэд хамрагддаг. Дахин төлөвлөлтийн төсөлд хамрагдсаны улмаас тухайн айл өрхүүд өмнөхөөсөө илүү хүнд нөхцөлд амьдрах, түрээсийн байр, түр орон сууцанд өндөр хөлс төлж суух, газар, хашаа байшингүй болох зэрэг асуудлууд гарч байна. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн эрх зүйн зохицуулалтын тухайд өмчлөгч эзэмшигч биш хүмүүсийн албадан нүүлгэлтээс ангид байх, орон байртай байх эрх, төсөл хэрэгжээгүй тохиолдолд иргэдийн орон байртай байх эрхийг хамгаалах хамгаалалт дутмаг байна. Дахин төлөвлөлт нь иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, иргэдийн эрх ашигт нийцсэн маш тодорхой төлөвлөгөөний дагуу хэрэгжиж байгаа эсэх, эхлэх, дуусах цаг хугацааг тодорхой тусгасан, аж ахуйн нэгжийн хариуцлага болоод иргэдийн гомдлыг барагдуулах нарийн тогтолцоог бий болгох шаардлагатай байна. Орон байртай байх эрх нь хүний амьдралын суурь материаллаг хэрэгцээг хангаж байдаг. Энэ эрх нь зөвхөн толгой хорогдох орон сууцаар хангагдах бус амьдрахад аюулгүй орон сууцтай байх эрх юм.
Жишээ нь Баянзүрх дүүргийн 14-р хороо, Орон сууцны 14-р хороолол орчмын А, Г, Ё, Д хэсэгчилсэн талбай, нийт 53,1 га газарт төсөл хэрэгжүүлэхээр “Бүрд” констракшн шалгарсан бөгөөд тус компани 3-н блок барилга бариад иргэдээ оруулж байгаа хэдий ч газраа чөлөөлсөн иргэдийн түр оршин суугаа газрынх нь түрээсийг төлөхгүй байх, гэрээтэй иргэдээ эхний барилгадаа оруулахгүй хойшлуулах, иргэдийн чөлөөлсөн газар дээр барьсан барилгаа ашгийн төлөө худалдах гэх мэт үйлдэл гаргаж иргэдтэй хийсэн гэрээгээ биелүүлээгүй тул бүтээн байгуулалтын ажлыг “Буянт-Од” компанид шилжүүлсэн байдаг.
БЗД-ийн 42-р хороонд Нарантуул захын хойно буюу “Мангасын ам” гэж нэрлэгддэг хэсгийн зүүн хойно дахин төлөвлөлт хийгдэн баригдаж буй Нарт хотхоны Зургаан талт компанийн ажил дуусаагүй, “Цагаан хуаран” консалтингийн барилга бүрэн дуусаагүй байна. Угтаа 5-6 жилийн өмнө эхэлж байсан уг ажил өнөөдөр ч дуусаагүй байгаа юм.
Мөн 13-р хорооны гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд Баянзүрх хотхоныг барьж буй “I and G international” компани 2 блок барилга бариад цааш үргэлжлэхгүй ажил нь зогсчихсон. “Стандарт холдинг” компани барилгын зөвшөөрлөө нийслэл хотын холбогдох албанаас авахдаа хотхон дотор сургууль, цэцэрлэг барихаар зураг төслөө батлуулсан.
Харамсалтай нь өнөөдөр орон сууцны барилга нь баригдаж байгаа ч төлөвлөсөн сургууль, цэцэрлэгээ хасчихсан байх жишээтэй. “Баянзүрх” гэх нөхөрлөл дахин төлөвлөлтийн хүрээнд иргэдээс газрыг нь авч чөлөөлүүлсэн хэрнээ барилга барих зөвшөөрөлгүй тул Таун констракшн компанид газраа зарсан байна.
Одоогоос 2 жилийн өмнө 13-р хорооны Өргөн гудамж гэгддэг хэсгийн чанх урд дахин төлөвлөлтийн хүрээнд Вишн девелопмент компани барилга барихаар Нийслэлийн холбогдох байгууллагаас зөвшөөрөл авсан ч нэг ч барилга бариагүй, эхлүүлээгүй. Гэтэл тэр хэсэгт иргэд газраа чөлөөлөхөөр хүлээсээр байна. Эцэстээ иргэдийн газрыг хувь хүмүүс худалдан авч агуулах барьж байна. Нарантуул захтай ойрхон учраас бизнес эрхлэгчид иргэдээс өндөр үнээр газрыг нь авч эхэлсэн. Угтаа тэр газарт дахин төлөвлөлт хийгдэж, орон сууц баригдах ёстой байсан ч зөвшөөрөл авсан компани ажлаа хийгээгүйгээс болж энэ ажил зогсоход хүрээд байна.
Эдгээрээс болж Баянзүрх дүүргийн “Алтан тэвшийн хөндий”-д бүтээн байгуулалт нь хийгдэхгүй, барилга нь баригдаж, газар чөлөөлсөн иргэдэд ч өгөхгүй, компаниуд гэрээгээ биелүүлэхгүй иргэдийг барьсан барилгадаа оруулахгүй хойшлуулах гэх мэт олон алдаа завхрал гарсаар байна. Энэ бүхэнд төрөөс хууль, эрх зүйн зохицуулалт хэрэгтэй. Иргэн аж ахуй нэгжийн хооронд маргаан үүсэж иргэд хохирсоор байгаа энэ байдлаас үүдэн бидэнд хандаж байгаа ч Дүүргийн иргэдийн хурлын төлөөлөгчид хуулийн хүрээнд зохион байгуулалт хийж, шийдвэр гаргах боломжгүй байна.
Д.Батцэнгэл БЗД-ийн ИТХ-ын төлөөлөгч
Баянзүрх дүүргийн талаас илүү хувийг гэр хороолол эзэлдэг. Гэр хорооллыг дахин төлөвлөснөөр иргэдэд таатай орчин нөхцөлд аюулгүй амьдрах боломж бүрдэж байгаа ч хариуцлагагүй аж ахуй нэгж, хуулийн зохицуулалтгүйн улмаас иргэд хохирч байна.
Хотын хөгжлийн амтыг хороо дүүргийн хөгжлөөсөө иргэд мэдэрнэ
Баянзүрх дүүргийн ИТХ-ын зүгээс өөрийн хариуцсан хороо буюу 13-р хорооны Өргөн гудамжнаас дүүргийн Цагдаагийн газрын баруун хэсэг, 14-р хорооны далангийн гүүртэй холбосон 900 метр автозамыг тавьсан. Нийслэлд анх удаа Баянзүрх дүүрэг өөрийн хөрөнгө оруулалтаар 30,4 км автозамыг барьж ашиглалтад оруулаад байна. Хужирбулан, Улиастай гэх мэт газруудад гудамж бүрийг холбосон автозам хийгдсэнд тухайн хэсгийн иргэд маш их талархалтай байгаа.
Харамсалтай нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хороонд автозам тавихад иргэд газраа хэтийдсэн үнээр үнэлж, хэдхэн метр чөлөөлж өгөөгүйгээс болж бүтээн байгуулалтын ажилд тушаа болсоор байна. Үүнээс болж автозам стандартын дагуу баригдах боломжгүй болж, гацсан.
Холбогдох мэргэжлийн байгууллагууд нь газар дээр ирж асуудлыг шийдвэрлэхийн оронд дүүрэг, төлөөлөгчийн асуудал гэж орхидог. Харин иргэд нь өндөр төлбөр нэхэх, барилгын зөвшөөрөл авч өг гэх мэт асуудлаар шантааж хийж төрийн ажлыг уядаг. Энэ бүхнийг шийдвэрлэхэд төрөөс тодорхой хуулийн зохицуулалт хийж батлах нэн шаардлагатай байна.