Цахим гарын үсгийн хэрэглээг нэмэгдүүлэхэд анхаарна
2023.10.25

Цахим гарын үсгийн хэрэглээг нэмэгдүүлэхэд анхаарна

УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2023.10.25/ хуралдаанаар Монгол Улсын 2024 оны төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.

Ирэх онд Инновац, цахим хөгжлийг хурдасгах чиглэлээр төсвийн төсөлд тусгасан арга хэмжээнүүдтэй холбоотойгоор дараах асуудлаар анхаарч ажиллах шаардлагатай байна.

Өнөөдрийн байдлаар 900 орчим мянган хүн тоон гарын үсгээ авсан байна. Цахим шилжилтийг эрчимжүүлэх багц хуулиуд хэрэгжиж байгаа, мөн Инновац, цахим бодлогын байнгын хорооноос цахим баримт бичгийг цаасан баримт бичигтэй адил түвшинд хэрэглэх зорилгоор салбарын 120 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар ажиллаж байна. Тиймээс цахим шилжилтийн гол хөшүүрэг болсон цахим гарын үсгийн олголт болон хэрэглээг нэмэгдүүлэх,

УИХ-ын “Д Өргөдөл” систем ашиглалтад орж, олон нийтээс цахимаар өргөдөл, санал авч эхэлсэнтэй холбоотойгоор гар утас болон бусад цахим хэрэгсэл төдийлөн ашигладаггүй иргэд хэрхэх талаар асуулт байнгын хороонд ирж байгаа. Одоогоор Төрийн цахим үйлчилгээний “ХурДан” цэгийн 130 салбараар иргэд биеэр очиж саналаа өгөх боломжтой бөгөөд холбогдох сургалтыг зохион байгуулж ажиллаж байна. Цаашид олон нийтийн цахим хэрэглээний боловсрол, ур чадварыг дээшлүүлэх ажлыг илүү өргөн хүрээнд зохион байгуулах,

Шинжлэх ухаан, технологийн санд улсын төсвөөс жилд 9-10 тэрбум төгрөг зарцуулдаг бөгөөд үүний 10-20 хувийг инновацын төслүүд эзэлж байна. Эдийн засгийн ач холбогдол өндөр инновацын чанартай төслүүддээ зарцуулж буй төсвийг нэмэгдүүлэх,

Мөн байнгын хорооны бусад гишүүдийн зүгээс кибер аюулгүй байдлыг хангах чиглэлд төсвийг нэмэгдүүлэх, чадварлаг хүний нөөцийг бэхжүүлэх, орон нутгийн алслагдсан сумдыг үүрэн холбооны сүлжээгээр холбоход анхаарах талаар санал хэлж, асуулт асууж байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд танилцуулахаар боллоо.