Монгол Улсын төрийн мэдээллийн аюулгүй байдал олон улсын стандартыг хангалаа
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Франц Улсад хийж буй айлчлалын үеэр AFNOR олон улсын байгууллагаас “Монголын Үндэсний Дата Төв”-д олгосон “Мэдээллийн аюулгүй байдлын ISO 27001” гэрчилгээг гардаж авлаа.
Бид өнгөрсөн 1 жил гаруйн хугацаанд мэдээллийн аюулгүй байдлын олон улсын шаардлагыг хангах чиглэлд холбогдох арга хэмжээг цаг алдалгүй авч хэрэгжүүлж, мэргэжлийн байгууллагын зөвлөмжийг “Үндэсний Дата Төв”-ийн үйл ажиллагаанд нэвтрүүлж, сайжруулалт хийн ажиллаа. “Үндэсний дата төв” бол “Онц чухал мэдээллийн дэд бүтэц бүхий байгууллага” тул цахим мэдээллийн аюулгүй байдлын чиглэлээр тусгайлан заасан чиг үүрэг хариуцлагыг хэрэгжүүлдэг бөгөөд 1.6 сая хэрэглэгчтэй, төрийн 979 үйлчилгээг нэгтгэсэн “E-Mongolia”-ын үндсэн дэд бүтцийг болон 650 сервис мэдээллийг хариуцдаг байгууллага билээ.
Ийнхүү “Үндэсний дата төв” үйл ажиллагаандаа Мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцоог бий болгох ISO:27001 стандартыг нэвтрүүлж, Олон Улсын сертификатаар баталгаажиж, Монгол Улс мэдээллийн аюулгүй байдлын стандартыг мөрдөх, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх тогтолцоог улам бататгахад чухал алхам хийлээ.
Холбоотой мэдээ
2024.12.23
2024.12.23
2024.12.20