E-Mongolia хүүхэд хамгааллын Ekids цонхтой боллоо
Төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-д хүүхэд хамгааллын Ekids цонхтой боллоо. E-Mongolia, Ekids-ийг дата шаардахгүй ашиглах боломжийг ЦХХХЯ, оператор компаниуд хамтран олгож байна. Энэ талаар ЦХХХ-ны сайд Н.Учрал мэдээлэл хийлээ.
Өнөөдрөөс эхэлж E-Mongolia-гийн нүүрэнд "Хүүхдээр нэвтрэх" гэсэн шинэ цонх нээгдэж байгаа бөгөөд тус хэсэгт хүүхэд өөрийн регистрийн дугаараа оруулахад QR код гарч ирэх юм байна. Тус QR кодыг E-Mongolia- гийн хэрэглэгч эцэг эхийн аль нэг нь бүртгэлээрээ нэвтрэн уншуулснаар эцэг эх, хүүхэд хоорондоо холбогдох аж.
Хүүхэд E-Mongolia-аар эцэг эхтэйгээ холбогдсоноор:
- Хүүхэд сургуульдаа ирсэн, гэртээ харьснаа ганц товчлуураар ээж аавдаа мэдэгдэж болох боломжтой.
- Хаана байгаа газрынхаа гурван үгт хаягийг мөн ганц товчлуур дараад ээж аавдаа илгээнэ. Ээж аав нь түүн дээр дарахад хүүхдээ хаана байгааг шууд мэдэх боломжтой болж байгаа юм байна.
- Хаяг байршил тэр бүр тодорхойгүй, утсаар яриад ойлголцоход ч ихээхэн төвөгтэй, ялангуяа хүүхдэд хүндрэлтэй байдаг учир байршлыг нь нэг метрийн зөрүүгүй заах шийдэл боловсруулжээ.
ЦХХХ-ны сайд Н.Учрал "Уг системээр дамжуулж хүүхдүүд сургуульдаа очсон, гэртээ ирсэн зэрэг эцэг эхдээ яаралтай мэдэгдэх шаардлагатай мэдээллийг ганцхан товч дараад дата шаардахгүйгээр хүргэх боломжтой болж байна. Ингэснээр эцэг эх маш хурдан хугацаанд хүүхдэдээ тусламж үзүүлэх боломж бүрдэж байна. Мобиком, Юнител, Скайтел, Жи мобайл, ONDO компаниуд нийгмийн хариуцлагаа ухамсарлан E-Mongoila, Ekids-т дата шаардахгүйгээр үнэ төлбөргүй нэвтрэх боломжтой болгосон" гэв.
"Хүүхэд өөрт нь халдахыг завдсан, дагаж мөшгөсөн, өдөж хоргоосон этгээдийн зургийг цагдаад шууд илгээх боломжтой"
Түүнчлэн хүүхэд хамгааллын технологийн шинэ цэс Ekids-т цагдаад шууд мэдээлэл илгээх цонх байгаа бөгөөд хүүхэд цахим гадуурхал, гэмт хэрэгт өртсөн, өөрт нь халдахыг завдсан, дагаж мөшгөсөн, өдөж хоргоосон зэрэг сэжигтэй тохиолдолтой учирвал тухайн этгээдийн зургийг нь шууд илгээж, түүнийг нь цагдаагийн байгууллага шуурхай хүлээж авах юм байна. Мөн хүүхэд ekids цэсээр дамжуулан ямар ч үед 102, 103, 108 утсанд шууд дуудлага хийх, эцэг эхдээ мэдэгдэх боломжтой болжээ.
ЦХХХЯ-наас Google компанид Google Family Link аппликэйшнээ монгол хэлээр ашиглах боломжтой болгохыг хүссэн захидал илгээсэн байна. Эцэг эхчүүд Google Family Link татан хүүхдийнхээ байршлыг утсан дээрээсээ харах, хэдэн цаг интернэтэд орох зэргийг нь тохируулах зэргээр ашигладаг. Монгол хэлээр ашиглах боломжтой бол илүү олон эцэг эх технологи хэрэглэн хүүхдээ хамгаалж чадна гэдгийг ЦХХХ-ны сайд Н.Учрал онцолж байлаа.
Түүнчлэн зөвхөн хүүхэд хамгааллын “Ekids” шийдэл төдийгүй 1.6 сая хэрэглэгчтэй төрийн мэдээлэл солилцооны E-Mongolia апп-г дата шаардахгүй, үнэ төлбөргүй хэрэглэх боломжийг үүрэн холбооны оператор компаниуд хамтран олгож байна.
Энэ хүрээнд Мобиком, Скайтел, Юнител, Жи-Мобайл, Ондо компанийн удирдлагууд болон ЦХХХ-ны сайд Н.Учрал нар нийгмийн хариуцлагын хүрээнд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Ийнхүү хүүхдийг эрсдэлт нөхцөлд орохоос урьдчилан сэргийлэх, эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийг хамгаалах төрийн үйлчилгээг сайжруулах, цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах зорилгоор хамтарч ажиллахаар тохиролцлоо. Урьд нь “E-Mongolia” платформоор зөвхөн насанд хүрэгчид үйлчлүүлэх боломжтой байсан бол одоо “Ekids” шийдлийн хүрээнд 0-16 насны хүүхэд нэвтрэх боломжтой болж байгаа юм.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn