Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа Дорноговь аймагт ажиллав
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа аравдугаар сарын 06, 07-ны өдрүүдэд Дорноговь аймагт ажиллалаа.
Өнөөдөр аймгийн Хүүхдийн төлөө зөвлөл, Хүүхдийн эрхийн хууль зүйн хороо, Сайншанд сумын хамтарсан багийн гишүүдтэй болон Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын албан хаагчидтай уулзаж, хүүхэд хамгааллын чиглэлээр хамтран ажиллаж буй байгууллагуудын уялдаа холбоо, бодлого шийдвэр, тулгамдаж буй асуудлын талаар санал солилцсон юм.
Түүнчлэн тухайн нөхцөл байдалтай холбогдуулан нэн даруй хэрэгжүүлэх, цаашид анхаарч ажиллах талаар дараах үүрэг, чиглэлүүдийг өглөө. Тухайлбал:
- Камержуулалтын ажлыг шуурхай зохион байгуулах
- Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын бүрэлдэхүүнд хүүхдийн эрхийн улсын байцаагч, хүүхэд хамгааллын ажилтнуудыг оруулах
- Хүүхдийн эсрэг хүчирхийлэл, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх чиглэлээр соён гэгээрүүлэх ажлыг байгууллагууд хамтран зохион байгуулах
- Эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчдийг хариуцлагатай байлгах, энэ төрлийн мэдээ мэдээлэл, зөвлөмжийг бүх хэлбэрээр олон нийтэд хүргэх
- Үе тэнгийн дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлаа хамгаалах, эцэг, эх, олон нийтэд чиглэсэн нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулахад нь дэмжлэг үзүүлэх
- Хүүхдэд аюулгүй орчин бүрдүүлэх зорилгоор эрсдлийн үнэлгээг жил бүр тогтмол хийх, илэрсэн зөрчил, дутагдлыг арилгах
- Хүүхэд хамгаалагч сайн дурын ажилтны тоог нэмэгдүүлэх
- Хүүхэд харах тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль,
Хүүхдийн эрхийн тухай хууль, Гэр бүлийн тухай хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулахад иргэдийн саналыг тусгах ажлыг зохион байгуулахаар болов. Мөн энэ үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа тус аймагт Гэр бүлийн хөгжлийн цогц үйлчилгээний төвийг байгуулахад дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн бөгөөд ойрын хугацаанд мэргэжлийн сэтгэл зүйн багийг томилж ажиллуулна гэв.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа, "Өнгөрсөн өдрүүдэд Дорноговь аймагт ажиллалаа. Хүүхдийн эсрэг гэмт хэрэг, хүчирхийллийн тоо буурахгүй байгаад эмзэглэж байна. Энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгчдэд оноох ял шийтгэлийн бодлогыг чангаруулах нь зүйтэй гэж үзэж байна. Хууль зүйн сайд Б.Энхбаяр бага насны хүүхэдтэй холбоотой ялын бодлогыг чангаруулах тухайгаа мэдэгдсэн. Бид цаашид хүүхдийн эсрэг гэмт хэрэг, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хүүхэд хамгааллын асуудлаар төр, хувийн хэвшил, ТББ, иргэд олон нийтийн уялдаа холбоог хангаж ажиллана" гэв.