Орон нутагт тулгамдаж буй асуудлаар санал солилцож холбогдох арга хэмжээг авахаар боллоо
2023.10.06

Орон нутагт тулгамдаж буй асуудлаар санал солилцож холбогдох арга хэмжээг авахаар боллоо

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар Улсын тэргүүний Тариалан сумын иргэдтэй уулзаж, Хөвсгөл аймагт хийгдэж байгаа хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын талаар танилцуулж, Улсын Их Хурлаас батлагдан гарсан хууль, тогтоомжуудыг танилцуулж, иргэдийн санал бодлыг сонслоо.

Тариалан сумын иргэдийн зүгээс ахмадын нийгмийн асуудлыг шийдвэрлэж, тэтгэврийг үе шаттай нэмэгдүүлэх, залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, залуу малчдыг дэмжих бодлого хэрэгжүүлэх, шинээр баригдаж байгаа барилгын стандартыг сайжруулж, хяналт тавих, Шинэ хөдөө төслийн хүрээг өргөжүүлж, тоног төхөөрөмжийн хүртээмжийг нэмэгдүүлэх зэрэг саналуудыг хэлж байв.

Түүнчлэн, ахмадын өргөөний тоног төхөөрөмж хуучирч муудсан тул шинэчлэх, хүүхдийн цэцэрлэгт тоглоом хэрэгсэл нэн шаардлагатай байгаа талаар хүсэлт тавилаа. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хөдөө, орон нутагт хүргэх үүднээс УНТЭ-ийн эмч нарын баг давхардсан тоогоор 410 хүнд эрүүл мэндийн үзлэг оношилгоо хийж, Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн газар, Нийгмийн даатгалын хэлтэс, Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын ажилчид 157 хүнд төрийн үйлчилгээг нэг дороос хүргэлээ.

Тэрээр Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын иргэдтэй уулзаж, Улсын Их Хурлаас баталсан хууль тогтоомж, Засгийн газраас баримталж байгаа бодлого, тойрогтоо хийж, хэрэгжүүлж буй ажлаа тайлагналаа. Эрдэнэбулган сумын иргэдийн зүгээс хүүхдийн цэцэрлэг болон соёлын төвийг шинээр барих, хилийн зурваст байрлах багануудыг солих, Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг тасралтгүй, түргэн шуурхай хүргэх үүднээс Эрүүл мэндийн төвд автомашин шаардлагатай байгаа зэрэг хүсэлтийг тавьж байв.

Мөн төрөөс залуу малчдыг бодлогоор дэмжих, Шинэ хөдөө төсөлд хамруулах, бэлчээрийн доройтлыг бууруулахад тодорхой арга хэмжээ авах, малын түүхий эдийг эдийн засгийн эргэлтэд оруулж, үнэ ханшийг нь өсгөхөд анхаарах зэрэг саналуудыг хэллээ. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хөдөө, орон нутагт хүргэх үүднээс УНТЭ-ийн эмч нарын баг давхардсан тоогоор 350 гаруй хүнд эрүүл мэндийн үзлэг оношилгоо хийлээ. Мөн Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн газар, халамж, нийгмийн даатгалын ажилчид 100 гаруй иргэнд төрийн үйлчилгээг нэг дороос хүргэлээ.

ЧАНДМАНЬ-ӨНДӨР СУМЫНХАА ИРГЭДТЭЙ УУЛЗЛАА

Уулзалтаар сумын цаашдын хөгжил болон тулгамдаж буй асуудлаар санал солилцож холбогдох арга хэмжээг авахаар боллоо. Чандмань-Өндөр сумын иргэдийн зүгээс төрийн үйл ажиллагааг тасралтгүй, шуурхай хүргэх шаардлагатай байгаа тул сумын ЗДТГ-ын байрыг шинээр барих, Ерөнхий боловсролын сургуулийн барилгыг богино хугацаанд ашиглалтад оруулах зэрэг асуудлыг тавьж байв.

Мөн малын гаралтай түүхий эдийн үнийг өсгөх, боловсруулах үйлдвэр барих, тэтгэвэр, тэтгэмжийн доод хэмжээг 700,000 төгрөгт хүргэх, сумын унаган байгаль, экосистемийн үйлчилгээний үнэ цэн, даацыг тогтоож, гол, мөрний урсац, хүрээлэн байгаа орчны тэнцвэрт байдлыг хангаж, нутаг усны унаган төрхийг хэвээр нь авч үлдэхийн тулд дорвитой ажлууд хийх шаардлагатай байгааг онцолж байлаа. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хөдөө, орон нутагт хүргэх үүднээс УНТЭ-ийн эмч нарын баг давхардсан тоогоор 300 гаруй хүнд эрүүл мэндийн үзлэг оношилгоо хийлээ.

Чандмань-Өндөр сумын Засаг даргын Тамгын газар, Ерөнхий боловсролын сургууль, Эрүүл мэндийн төв шинэ автомашинтай болсон бөгөөд 100 ортой хүүхдийн дотуур байр, 100 хүүхдийн цэцэрлэгийн барилга баригдаж ашиглалтад ороод байна.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn