2023.09.29
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД ХӨВСГӨЛ АЙМАГТ АЖИЛЛАЛАА
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Засгийн газрын зарим гишүүдийн хамтаар Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзаж, Шинэ сэргэлтийн бодлогоо танилцуулж, эдийн засгийн нөхцөл байдал, хөгжлийн чиг хандлага, авлигатай тэмцэх 5Ш ажиллагаа зэрэг Засгийн газраас хэрэгжүүлж байгаа ажлын үр дүнгийн талаар мэдээлэл өглөө.
Уулзалтад иргэд идэвхтэй оролцож, 74 хүн үзэл бодлоо хэлж, 42 хүн бичгээр санал хүсэлтээ илэрхийллээ. Иргэдийн зүгээс орон нутагт болон нийгэмд тулгамдаж буй асуудлууд болон улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийн талаар асуулт асууж хариулт авлаа. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улсын Их хурлын гишүүд болон иргэдийн тавьсан саналын дагуу Хөвсгөл аймагт тулгамдаж буй дараах асуудлуудыг шийдвэрлэлээ. Үүнд:
- Монгол Улсын 2024 оны Хөгжлийн төлөвлөгөөнд тусгагдсан Дулааны цахилгаан станцыг 21 мВт-аар өргөтгөх ажлыг 2024 оны улсын төсөвт тусгах,
- Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрын барилгыг шинээр барьж “Хөвсгөл далайн дуулал” чуулга болгон өргөжүүлж, шинэ тоног төхөөрөмжөөр хангах,
- Аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор босоо тэнхлэгийн Архангай-Хөвсгөл чиглэлийн авто замын барих төсвийг 2024 оны улсын төсөвт тусгах,
- Ханх сумыг Хатгал тосгонтой холбосон 186 км авто зам барих ажлын эхлүүлэх зардлыг 2024 оны улсын төсөвт тусгах,
- Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас Соёмбо цогцолбор хүртэлх “Дугуйн зам болон явган хүний зам”-ын ажлын төсвийг 2024 оны улсын төсөвт тусгаж, ирэх онд ашиглалтад оруулах,
- “Хүслийн хадны аялал жуулчлалын цогцолбор”-ын төсвийн 2024 оны улсын төсөвт тусгаж, ирэх онд ашиглалтад оруулах,
- “Соёмбо” цэцэрлэгт хүрээлэнгийн үлдэгдэл санхүүжилтийг 2024 оны улсын төсөвт тусгаж, ирэх онд ашиглалтад оруулах
- Ахмад настны асрамж үйлчилгээний төвийн барилгыг 2024 оны улсын төсөвт тусгах,
- Хатгал тосгоны зураг төсөв нь бэлэн болон бүх төслийн санхүүжилтийг ирэх оны төсөвт тусгах, /320 хүүхдийн сургууль, Эрүүл мэндийн төвийн өргөтгөлийн үлдэгдэл санхүүжилт болон шинэ Эрүүл мэндийн төвийн барилга/
- Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын барилгыг ирэх оны улсын төсөвт тусгах,
- Усан спортын цогцолборын барилгын зураг төсөв, ТЭЗҮ-ийг ирэх оны улсын төсөвт тусгах,
- Хүнс, хөдөө аж ахуйн газрын конторын барилгыг ирэх оны төсөвт тусгах,
- Хатгал тосгоны 320 хүүхдийн сургууль, Алаг-Эрдэнэ сумын 320 хүүхдийн сургууль, Эрдмийн далай сургууль, Авьяас сургууль, Мөрөн Гурван эрдэнэ сургуулийн барилгыг ирэх оны улсын төсөвт тусгах,
- Хөвсгөл аймгийн Мөрөн нисэх буудлын хүчин чадлыг нэмэгдүүлж 4С ангилал болгож, нисэх буудлын зорчигч үйлчилгээний цогцолбор бүхий хөөрч буух зурвасын өргөтгөл хүчитгэлийн барилга угсралтын ажлыг эхлүүлэх,
- Галт сумын 400 суудалтай Соёлын төв, Ханх сумын 200 суудалтай Соёлын төвийн барилгыг ирэх оны улсын төсөвт тусгах,
- Мөрөн сумын Политехникийн коллежийн барилгыг шинээр барих ажлыг ирэх оны улсын төсөвт тусгах,
- Хөвсгөл аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газарт шаардлагатай тоног төхөөрөмжийг ирэх оны улсын төсөвт тусгах зэрэг асуудлуудыг шийдвэрлэхээр боллоо.